Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн биелэлтийг хянах ёстой гэж гишүүдийн олонхи үзэв
УИХ дахь МАХН-ын бүлэг Даваа гаригийн үдээс хойш хуралдаж, энэ удаа бүлгийн гишүүд ЗГ-ын гишүүдийг байлцуулан цаг үеийн тулгамдсан асуудлаар асуулга асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс тойрогт ажиллах хугацаанд хот, хөдөө орон нутгийн сонгогчдын зүгээс мал, махны үнэ хямдарсан, алс хязгаарын болон говийн аймгуудад өвлийг хэрхэн давах, банкны өр зээлийн асуудал, 1,5 сая төгрөгийг хэрхэн, хэзээнээс олгож эхлэх зэрэг асуудлуудыг авч хэлэлцэв. Хуралдааны үеэр гишүүд төсөв мөнгө хомс байгаа энэ хямралтай үед цаг хугацаа алдахгүйгээр дэс дараалалтайгаар ямар бодлого, хөтөлбөр нэн даруй хэрэгжүүлэх талаар санал бодлоо хэлж, салбарын сайдууд тодорхой хариултыг өгч байв.
Мөн 2010 оны Үндсэн чиглэлийг авч хэлэлцэхээс өмнө энэ оны Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн биелэлтийг хянах ёстой гэж гишүүдийн олонхи нь үзэв. Үүнтэй холбоотойгоор Пүрэв гаригт Нэгдсэн чуулганаар 2009 оны Үндсэн чиглэлд тусгасан 370 ажлын биелэлтийг эхлээд авч хэлэлцэн дүгнэхээр боллоо.
Цаашид Үндсэн чиглэлийн асуудлаар УИХ-ын гишүүн А.Тлейханаар ахлуулсан Ажлын хэсгийг 10 гаруй гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Энэхүү Ажлын хэсэг нь нийгэм, дэд бүтэц, хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл зэрэг долоон дэд салбартайгаар ажиллаж, гишүүдийн саналыг нэгтгэн УИХ дахь МАХН-ын бүлгийн дүгнэлт гарган УИХ-ын чуулганд оруулах юм. Намын бүлэг өнөөдөр 15 цагт үргэлжлүүлэн хуралдаж, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэнэ гэж УИХ дахь МАХН-ын бүлгийн Хэвлэл мэдээллийн хэсэг мэдээллээ.