Орон сууц хүсэх, мөнгөн олговор авах хүсэлт ихсэх хандлагатай байна
2009.10.20

Орон сууц хүсэх, мөнгөн олговор авах хүсэлт ихсэх хандлагатай байна

2001 оноос хойш нийт 100 орчим хэлмэгдсэн иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэсэн ба одоо орон  сууцны дараалалд хэлмэгдэгч, түүний гэр бүл болох 12 иргэн байна. Нийслэл, дүүргийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисст хандаж хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ах дүү, ач зээ нараас орон сууц олгох, мөнгөн олговор авахыг хүсэх явдал ихэсч байгаа ажээ.

Энэ тухай Улаанбаатар хотын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Т.Билэгт өнөөдөр болсон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын хуралдааны дээр мэдээлэл хийхдээ тэмдэглэв. Тэрээр тус салбар комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд гэр, орон сууц олгож байгаа ажлын явцын талаар мэдээлэхдээ, байрны оронд хашаа байшин авахыг хүссэн нийт 25 хэлмэгдэгч түүний гэр бүлд 6 сая төгрөгийн мөнгөн олговор, нийт 372 хүнд 7 сая гаруй төгрөгийн мөнгөн тэтгэмжийг тус тус олгосон талаар танилцууллаа.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн төрсөн үр хүүхэд, буюу орон сууцаа хэлмэгдлийн улмаас хураалгасан иргэдийн асуудлыг ялгамжтай авч үзэх, төрийн зүгээс мөнгөн тусламж олгох ажлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, орон сууцны дараалалд байгаа хэлмэгдсэн иргэдэд орон сууц худалдан авахад нь зориулан адил хэмжээний мөнгөн олговор олгох зэрэг саналыг Нийслэлийн цагатгаалын салбар комиссын дарга Т.Билэгт дэвшүүлэн тавив.

Мөн хуралдаанаар Булган аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Ц.Дагвадашийн мэдээллийг сонсов.Хуралдаанаас дээрх салбар комиссын ажлыг хангалттай гэж дүгнээд, улс төрийн хилс хэргээр баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн гэх боловч хэрэг материалгүй, нотлох баримтгүйгээс шалтгаалан цагаатгагдах эсэх нь тодорхойгүй иргэдийн судалгааг нарийвчлан гаргах, нөхөх олговортой холбоотой садан төрлийн холбоо нь тогтоогдохгүйн улмаас түүнийг авч чадахгүй байгаа нэхэмжлэгчдийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх, 1990 оноос хойш улсаас орон сууц, гэр, орон байрныхаа нөхцлийг сайжруулахад зориулан мөнгөн олговор авсан хэлмэгдэгсэд, тэдний эхнэр /нөхөр/, хүүхдийн судалгааг гаргах, нийслэлд оршин суугаа амьд сэрүүн байгаа хэлмэгдсэн иргэд, нас барсан хэлмэгдэгсдийн эхнэр /нөхөр/, хүүхдүүдийн судалгаа гаргуулах, тэднийг мэдээллийн сүлжээнд нэгбүрчлэн оруулах зэрэг үүргийг тэдэнд өгөв. Хуралдааныг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, УИХ-ын дэд дарга Н.Энхболд даргалж хийлгэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.