2022.05.20
Цахилгаан мотоциклтой холбоотой зохицуулалтыг тодорхой болгоно
Сүүлийн жилүүдэд цахилгаан мотоцикл буюу “Sur Ron bike”-ийн хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт М.Оюунчимэг, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа нарын гишүүдтэй хамт Тээврийн цагдаагийн газрын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.
Уг цахилгаан мотоцикл нь 80 км/цаг хүртэл хурдлах өндөр чадалтай хурд, хүчний хувьд тээврийн хэрэгсэл унаж байгаагаас ялгаагүй боловч жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн улсын дугааргүй тул насанд хүрээгүй хүүхдүүд ихээр хэрэглэж замын хөдөлгөөнд оролцох болсон байна. 80 км/цаг хүртэл хурдлах чадалтай унаатай, замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй хүүхдүүд хөдөлгөөнд оролцож байгаа нь өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд өндөр эрсдэл учруулж болзошгүй байгаа юм.
Иймд
-Цахилгаан мотоциклийг насанд хүрээгүй хүүхэд унаж замын хөдөлгөөнд оролцдогийг хязгаарлах
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан эсэх талаар гэрчилгээгээр баталгаажуулах, бүртгэлжүүлэн дугааржуулах
-“А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хөдөлгөөнд оролцуулах бусад тохиолдолд нийтийн эзэмшлийн зам талбайд ашиглахыг хориглох
-Тусгайлсан талбайд спортын зориулалтаар ашиглуулах гэх мэт арга хэмжээ авч ажиллах талаар ярилцлаа.