Концессийн тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш үргэлжилж Концессийн тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэнээр эхлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж танилцууллаа.
Илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав. Сүүлийн хориод жилд дэлхийн ихэнх улс орнууд дэд бүтцийн салбар дахь хувийн өмчийн оролцоог дэмжиж, хуулийн хөрөнгө оруулалтыг энэхүү салбарын эх үүсвэр болгон ашиглах, улмаар дэд бүтцийн салбарт өрсөлдөөнийг бий болгох, технологийн дэвшилтэт ололтыг уг салбарт шуурхай нэвтрүүлэх, нийтэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор төрийн болон орон нутгийн өмчид байгаа хөрөнгийг концессоор эзэмшүүлж, ашиглуулах болсон байна.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүн Л.Ганбямба өнөөдөр манайд Концессийн хууль батлан гаргах цаг нь мөн үү. Юм юм нь цэгцэрсэн улс оронд энэ хууль ашигтай. Концессийн хуулийг тодорхойлбол онцгой эрх, тусгай эрх гэсэн үг. Концессийн гэрээгээр шийдэгдэх обьектуудаа баталж байж энэ хуулиа яривал яасан юм бэ. Монголд өнөөдөр тендерийн холбоотой маш их маргаантай асуудал гарч байна гэсэн бол гишүүн Д. Одбаяр, хуулийн үйлчлэх хүрээг нэлээн багасгах хэрэгтэй, хуулиа судлаад үзэхээр ойлгомжгүй зүйлүүд их байна гэсэн байр суурьтай байлаа. Мөн гишүүд Концессийн эрх эзэмшигчийн давуу тал нь юу болох, тендер, концессийн ялгаа, сонгон шалгаруулалтын талаар асууж саналаа хэллээ.
Ингээд Концессийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Хууль зүй, Эдийн засгийн байнгын хороодын саналаар санал хураалт явуулж гишүүдийн 75,9 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.