2022.06.08

Д.Өнөрболор: Гадаад зээл, тусламжийг ямар чиглэлд зарцуулна гэсэн бодлого манай улсад байдаг уу

УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2022, 06, 08/ өдрийн хуралдаанаар “Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн ашиглалт, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлан”-г хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн үр дүнгийн талаар аудитын хийсэн тайлантай танилцлаа. Тайлангаас үзэхэд дотоодод дамжуулсан 1,4 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдөөгүй байна. Энэ хэмжээгээр төсөв дээр ачаалал үүссэн харагдаж байна. Энэ хугацаанд халамжийн зардал нилээн өссөөр иржээ. 2018-2020 оны хооронд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 8 их наяд төгрөгийг гадаадын зээл, тусламжаас авч ашигласан гэж тайланд туссан байна.

Гадаадын зээл, тусламжийн хөрөнгийг авч ашиглахад тодорхой чиглэл, бодлого баримталдаг уу? Өнгөрсөн хугацаанд төрөл бүрийн төслүүдийг агуулгаар нь танилцуулаад, санхүүгийн хувьд таатай нөхцөл бүрдүүлсэн зээл гээд авдаг. Энэ чинь 19,7 их наяд хүрсэн байна. Үүнээс гарсан үр дүн байна уу? Үр дүн байвал ядуурал, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон үзүүлэлтээр хэмжигдээд сайжирсан байх ёстой. Гэтэл тийм биш байна.

Энэ төрлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт тодорхой чиглэл, зээлд тавигдах шаардлагыг нарийн тодохойлох хэрэгтэй. Бодлого, чиглэлээ баримтлаад нэн тэргүүний асуудлаа эрэмбэлж явахгүй бол 2023, 2024 оны төсвийн үзүүлэлтийг хангах боломжгүй байдал үүсэх вий гэсэн болгоомжлол байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.