2022.06.08

Б.Баярсайхан: Төрийн албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэх нь ард иргэд төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх юм

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны /2022, 06, 08/ өдрийн хуралдаанаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд”-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Энэ хууль бол нийгмийн захиалга юм. Сүүлийн 30 жил хүний хөгжлийн бодлого алдагдсан. Сайн зан чанартай, сайн хүн бэлтгэх, гэр бүлтйн хүмүүжил, ёс зүй, жудаг алдагдсан учраас нийгэм бухимдалтай, төрийн түшээгээс эхлээд алба хаагчдыг ёс зүйтэй байхыг шаардсан цаг хугацаа байгаа. Улсын их хурлын гишүүд ёс зүйн хуулиа батлаад, тангараг өргөөд явж байгаа нь Засаг барьж байгаа Монгол ардын намын нийгмийн захиалгыг биелүүлж, нийгмийн ёс зүйтэй байхад өөрсдөөсөө эхлэх ёстой гэж ухамсарлаж буй ажил. Төрийн албан хаагчийн ёс зүй, ур чадварыг дээшлүүлж чадвал нийгэм төрдөө итгэж, Монголын нийгэм ёс зүйтэй болох суурь тавигдах юм. Тиймээс төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль чухал.

Олон улсад төрийн алба руу орохоос өмнө тухайн хүний ямар сургууль төгссөнөөс үл харгалзаж, ёс зүй, төлөвшил, хүмүүжил хэр байна гэдгийг харж сонгон шалгаруулалт хийдэг. Үүн шиг бид цензуртай хандаж чадвал буруу хүмүүжсэн хүнийг төрийн албанд орж буруу зүйл хийсний дараа хариуцлага тооцох биш, төрд авахаас өмнө сайн сонгон шалгаруулалт хийх ёстой.

15-дугаар зүйл дээр төрийн албан хаагчийг ёс зүйн хариуцлага хүлээлгэх заалт байна. Өнөөдрийн жишгээр ёс зүйн асуудал гаргасан, ямар нэг байдлаар авилгын асуудалд холбогдсон, төрд санхүүгийн хохирол учруулсан ийм хүмүүс ажлаас халагдаад л хариуцлагаа хүлээчихсэн гэж ойлгоод байна. Үүн дээр төрийн албан хаагчаар ажиллаж байхдаа төрд ямар нэгэн байдлаар санхүүгийн хохирол учруулсан, авилга хээл хахууль авсан бол ажлаа хүлээлгэж өгснөөс хойш ч гэсэн хугацаагүйгээр хариуцлага тооцож, улсыг хохиролгүй болгох ажлыг хийлгэх ёстой гэж үзэж байна.