Өмнөговьд их сургуулийн хотхон байгуулахаар "Оюутолгой" компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна
2022.06.20

Өмнөговьд их сургуулийн хотхон байгуулахаар "Оюутолгой" компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер болон холбогдох төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газраас 2021 онд орон нутгийн их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу Өмнөговь аймагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулахаар ажиллаж байна. Өмнөговь аймагт 20 га талбайд их сургуулийн хотхон байгуулж, ирэх намраас элсэлтээ авч эхэлнэ. Энэхүү томоохон төсөлд “Оюу толгой” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах хүсэлтийг сайдын зүгээс илэрхийлсэн.

“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал боловсролын салбар, тэр дундаа орон нутагт их сургуулийн хотхон байгуулах төслийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Хоёр тал хамтарсан ажлын хэсэг байгуулан санамж бичиг байгуулахад бэлэн байгаагаа мөн хэллээ. Тэрбээр хатуу дэд бүтцийн асуудал гэхээс илүүтэй сургалтын хөтөлбөр, орчин, оюутан, залууст зөөлөн ур чадвар олгох чиглэлд анхаарах хэрэгтэйг ч онцлов.

Уулзалтаар талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, ТЭЗҮ-ийг боловсруулах хамтарсан ажлын хэсэг байгуулахаар харилцан тохиролцлоо.

“Оюу толгой” ХХК-ийн хувьд сургууль, цэцэрлэг барих, анги танхим тохижуулах, тоног төхөөрөмж, сургалтын материалаар хангах, гадаад, дотоод тэтгэлэг зэргээр боловсрол, шинжлэх ухааны салбарт 150 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулаад байгаа юм.