З.Энхболд: Шинэчлэлийн зорилго үүнд л оршиж байгаа юм
2010.03.11

З.Энхболд: Шинэчлэлийн зорилго үүнд л оршиж байгаа юм

Ардчилсан хүчний холбооны анхдугаар их хуралд Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч З.Энхболдын тавьсан илтгэлenkhbolszzzzzzzzzz

Үндсэн илтгэл

Та бид өнөөдөр энэ танхимд хуран чуулсны гол нөхцөл шалтгаан, сэдэл нь 20 жилийнхээ ойтой золгож буй Монголын Ардчилалын хөгжил билээ. Хорин жилийн турш МОНГОЛЫН АРДЧИЛАЛ бидэнд эрх чөлөөний мэдрэмж, хэн нэгнээс асууж биш өөрсдөө бие дааж шийдвэр гаргахын жаргал зовлон, хөгжлийн эрэлхийлэл,  талцал, эрх зүйн аноми байдал, жагсаал цуглаан бас ч үгүй авилгал, шударга бус байдал гээд сайн муу олон талыг хангалтай харууллаа. Ардчилал төлөвшиж байна. Гэхдээ хэтэрхий удаан байна. Иргэдийн ядуурал, шүүх, боловсрол, эрүүл мэндийн системийн хоцрогдол гээд хэтэрхий өндөр өртөгтэй байна.  Товчхондоо ардчилал иргэдийн өмч болж ашгаа өгч чадахгүй нийгмийн тодорхой хэсэг  бүлэг, цөөнх хэсгийн өмчлөлд байгаа ажээ. 

Бидний энд цуглаж Ардчилсан хүчний холбооны анхдугаар их хурлаа хуралдуулж байгаа нь улс төржилт, хийрхэл, амлалт урианаас илүүтэй Ардчиллын цаашдын хөгжил, өрнөлд хэсэг идэвхтэй, мөнгөтэй хүмүүсийн бус монголын иргэдийн нийтийн оролцоог хангах, бодлого боловсруулахад иргэний нийгмийн байгууллагууд, ашиг сонирхлын бүлгүүдийг оролцуулах, шударга төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах,  тэднийг дэмжихийн төлөө юм. 

Нээлттэй нийгмийн замаар замнахдаа бид юуг чадаагүй юм бэ?

Бид нэг үнэт зүйлсийн задралаас шинэ үнэт зүйлсийн нэгдэл уруу явж байна. Монголчуудад ардчилалын түүхэн туршлага байхгүй. Тэр хэрээрээ бидэнд алдах эрх бий. Бас алдаагаа засах эрх бий.  Одоо нийтээрээ хэлэлцээд алдаагаа засацгаая.

Алдааныхаа талаар олон зүйл хэлж болох ч хамгийн гол тулгуур асуудал нь нийгмийн удирдлагын зөв бүтэц, механизмыг бий болгож, хөгжүүлж чадсангүй. Яг л коммунист дэглэмийн үеийн "Улс төрийн товчоо" дээрээс доош чиглэл, үүрэг, удирдамж өгч, доор нийгмийн жирийн гишүүд идэвхгүйгээр хүлээн авч биелүүлэхчээн аяддаг байсан удирдлагын тэр загварыг бид шинэ нийгэмд хэвээр нь үргэлжлүүлэн, нэрийг нь "УИХ-ын эрх баригч намын Удирдах зөвлөл" хэмээн солих төдийгөөр залгамжлан авсанд гачаал нь байна. Үүнийг онцлон хэлж буй нь АХХ-ны их хурал тэртээ хорин жилийн өмнө Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч ардчилсан хувьсгалын түүхэн өдрүүдэд тохиож байгаа нь ч санамсаргүй бишээ.  Хорин жилийн ардчиллын түүхэнд манай парламентат ёсны төлөвшилтөд гэрэл гэгээтэй, эерэг, улс орныхоо хөгжлийн гарцыг тодорхойлохыг оролдсон УИХ, улс төрийн хүчин, хувь улс төрчдийн хүчин зүтгэлийг үгүйсгэхгүй хэдий ч эдүгээ УИХ институцийнхаа хувьд ард түмний төлөөллийн ардчилал гэхээс илүү хэлбэр төдий болсонд энэхүү гачаал оршиж байгаа юм.

Энэ нь дэлхийн нэртэй судлаачдын "Туулсан замаасаа хамааралтай байх" хэмээн нэрлэдэг хам шинж агаад бидний бүх зовлон, гачигдлын уг шалтгаан болоод байгаа тэр зүйл юм. Туулсан замаасаа хамааралтай байх өвчнөөс бид тойрч чадсангүй, дайрлаа. Нийгмийн удирдлага, тэндээс гарах шийдвэр иргэдийн олонхийн хүсэл сонирхлоос биш, эрх барьж буй цөөн хүний шийдвэрээс улам бүр хамааралтай болж байна.    

Шинэ нийгмийн байгууламжийг хуучин тоосгоор барих гэж оролдсон бүхий л оролдлого маань мухардалд орж байгааг өнөөдөр бүгд ойлгож, хүлээн зөвшөөрч, дор бүрнээ тодорхойлохыг хичээн, гарц хайж байна. Мурий сарий барьсан барилгаа нүүрний засвар хийж янзлах уу, инженерын хувьд буруу барьсан барилга нь  нурж унахаас өмнө тэрхүү барилыг нурааж шинэ тэгшхэн зөв байшин сүндэрлүүлэх үү, нэг үгээр шинэчлэл хийж ардчилалаа хэлбэрэс агуулга руу шилжүүлэх нийгмийн энэхүү захиалгыг АХХ хүлээн авч байгуулагдсан юм.

Ардчилсан хүчний холбоо нь нийгмийн хөгжлийг хурдасгагч-катализаторын нэг байж ардчилах үйл явцыг чанаржуулах, бататгах явцыг манлайлахын төлөө байгуулагдсан. Улс орон маань аандаа хөгжөөд, иргэд урсгалаараа ухамсаржиж, ардчилал зөнгөөрөө хөгжихийг хүлээгээд, хараад, юу ч хийхгүй суух эрх бидэнд байхгүй.

Ардчилал хар аяндаа ургачихдаг ургамал биш юм. Энэ бол байнга тордож, бордож байж гэмээ нь үр жимсээ өгдөг эмзэг, хэцүү сортын ургамал.  Өмнөх нийгмээс өвлөн авсан суурь эмгэгүүд өдрөөс өдөрт даамжран хүндэрч Монголын ардчилалыг хэмлэж байна. Бидэнтэй ижил гараанаас хөдлөж, ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон 40 улс дотор ардчиллын үр жимсийг хүртэх байтугай үр хөврөлд нь хатаагаад устгачихсан нь ч байна. Биднээс урагш цойлон давхиж, тогтвортой хөгжил, хангалуун амьдралтай залгасан нь ч байна. Уралдаж яваа 40 дотроо бид өөрсдийгөө хаахна явааг төсөөлөх аваас дундаас хойгуур, адаг хавьд яваа нь нууц биш ээ.

Судлаач Ц.Ганбатын бичсэнээс харахад "Ардчилал нь чанарынхаа утгаар ард түмний хүлээлтийг хангаж чадахгүй бол ард түмний сэтгэлд удаан хугацаагаар оршиж чадахгүй. ...сайн засгийн гол үзүүлэлт болох улс төрийн эрх чөлөө, тэгш байдал, эрх зүйт ёс, тайлагнал, тунгалаг чанар, хариу үйлдэл үзүүлэх чанар хангалтгүй бол ард түмнээс ардчилсан засаглалд татагдах нь сул байх юм" гэжээ. Хэрвээ бид өнгөрсөн хорин жилийнх шигээ хуучин арга барилаар нийгмийн удирдлага, шийдвэр гаргах үйл ажиллагааг үргэлжлүүлэх юм бол биднийг дараах зүйлс ойрхон хүлээж байна.

  • Улс төрд үзэл баримтлалын өрсөлдөөн үгүй болж, албан тушаал эрх мэдлийн төлөөх бүлэглэлүүдийн сөргөлдөөн гаарах нь
  • Авлига, хүнд суртал хэрээс хэтэрч, нийгмийн баялаг шудрага бусаар хуваарилагдан баян хоосны ялгаа хоёр туйл руугаа шахагдах нь
  • Улсын төсөв яаж ч нэмэгдсэн төрийн үйлчилгээ улам муудаж, төрд итгэх итгэл үгүй болох нь
  • Сонгууль улам бүр луйврын шинжийг олж, стратегийн хувьд сайтар байршиж, хөрөнгө санхүүгийн мэдэлд хүрсэн олигархиуд төрийн эрх мэдлийг барьж байх хэрэгслээ сонгууль болгох болно
  • Засаглал сайнгүй байхад байгалийн асар их баялаг нээгдсэн нь биднийг дампууралд хөтлөх магадлал үүсгэлээ
  • Иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргахад тусгадаг механизм байхгүй байгаагаас дээрээс илгээсэн тушаал, заавар, шийдвэр хүчгүй, үнэмшилгүй болж ард түмний дэмжлэгийг алдсаар байх нь ээ.

Монгол Улсын Үндсэн Хуулийн 3-р зүйлд "Засгийн бүх эрх ард түмний гарт байна" гэж заажээ. Хэрвээ засгийн бүх эрх ард түмний гарт байсан бол дээр дурдсан алдаанууд гарахгүй байлаа.

Хэрвээ засгийн бүх эрх ард түмний гарт байсан бол:

Шударга ёс тогтсон
Хууль нь биелдэг
Хууль, шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй
Авилга, хүнд суртал үгүй болсон
Төр нь түмэн олондоо үйлчилсэн
Байгалийн баялгынхаа 2-хон хувиараа дэд бүтэц, орон сууцны асуудлаа иж бүрэн шийдэх замдаа орчихсон
Бүгдээрээ биш юмаа гэхэд дийлэнхи нь боломжийн ажлын байртай болсон
Гэх мэтээр зөндөө үргэлжлүүлж болохоор байна.

Гэхдээ өнөөдөр ийм болоогүй, энэ чиглэл рүү алхаж эхлэх алхамууд хийгдээгүй байгааг бид бүгдээрээ мэднэ. Яагаад ард түмний дийлэнхийн бодолтой өнөөдрийн төр засгийн бодлого таарч нэг долгион дээр ажиллахгүй байна вэ?

Эрх баригчдын зүгээс тийм хүсэл зориг, сонирхол байхгүй байна уу? Эсвээс цэгцтэй хөгжлийн үзэл баримтлал үгүйлэгдэж байна уу? Үгүй бол манай нийгэмд үнэт зүйлсийн төлөвшил, итгэл үнэмшил, амьдралын философийг бий болгох боловсролын тогтолцоо байхгүй хэвээр байна уу?

Ийм нөхцөлд Ардчилсан хүчний холбоо юу хийхийг зорьж байна вэ?

Хэн нэгэн мэргэн удирдагч, аль нэгэн мундаг намын заасан зам, гаргасан шийдвэрээс бус манай нийгмийг бүрэлдүүлэгч, хөдөлгөгч хүч нь болсон ард түмнээс аливаа шийдвэр хамааралтай байж тэдний хүсэл зорилгыг тусгадаг байхын төлөө Ардчилсан хүчний холбоо байгуулагдсан. Үүнийг хэрэгжүүлж байж л бид "туулсан замаасаа хамаарах" өвчин эмгэгээс салж, иргэдээс хамаарах шийдвэр, иргэдээс хамаарах эдийн засаг, иргэдээс хамаарах хөгжлийг бий болгож энэ биднийг тогтвортой хөгжлийн замд хүргэх болно.

Энэ бол цоо шинэ зорилт биш. Хорин жилийн өмнө бидний тунхаглачихаад мартчихсан тэр л зүйл. "Шинэ зүйл" гэдэг нь сайтар мартагдсан хуучин зүйл байдаг гэдгийн үлгэрээр шинэ Үндсэн хуулийн "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна"  гэсэн заалтыг жинхэнэ утгаар нь амьдралд хэрэгжүүлэх нь бидний зорилго, үүрэг. Шинэчлэлийн зорилго үүнд л оршиж байгаа юм.

Шийдвэр гаргах механизмыг иргэдээс хамааралтай байх арга замыг хэрхэн бий болгох вэ?

Юуны өмнө бид нэг зүйлийг бат ойлгох ёстой. Ямар ч нийгэмд нэгдсэн цул бүлэглэл, нэг л хүсэл сонирхол, эрмэлзлэл, таашаал гэж байдаггүй. Нийгэм бол зүйрлэвээс наполеон бялуу шиг маш олон үе давхраатай олон янзын хольц, найрлагатай есөн шидээс бүрдсэн үелэг бүтэц. Нийгмийн давхраа бүр, үгээгүйчүүд, баячууд, төсвийхөн, цэрэг цагдаа, спорт урлагийхан гээд бүгд л  өөр өөрийн сонирхол, эрх ашиг, зорилготой. Энэ бүгдийг хүчээр, зохиомлоор нэгэн цулд зангидахыг хүсвэл бид дахиад л мөнөөх хэзээ ч үл биелэх коммунизмын үзэл сурталд нэрвэгдэнэ. Монголын нийгэм коммунист дэглэмийн үеийнх шиг цул байдлаа өнгөрсөн 20 жилд эгнэгт алдсан.

Хамгийн үнэн, хамгийн бодитой, тууштай хүсэл сонирхол, үйл ажиллагаа бол нийгэм дэх жижиг бөөгнөрөлүүд, сонирхлын бүлгүүдийн эрх ашиг, эрэлт хэрэгцээ юм. Өнөөдөр өмнөх шиг улсаараа, аймаг, хотоороо, сум дүүргээрээ, баг хороогоороо ижилхэн сонирхол, хүсэл эрмэлзэлтэй байхыг шаардах, тулгах нь огт боломжгүй зүйл болжээ.

Тийм болохоор Ардчилсан хүчний холбоо нь үйл ажиллагаагаа иргэд оршин суугаа газар болон сонирхлоороо нэгдсэн сонирхлын бүлэг, клубын зарчмаар явуулна. Сонирхлын бүлэг гэдэгт бид арваас доошгүй гишүүдээс бүрдсэн холбооны анхан шатны нэгжийг ойлгож байна.

Малчин, инженер, нэг нутгийнхан, нэг байр, хорооныхон, оюутан, барилгачин гээд хүсэл сонирхол, мэргэжил, итгэл үнэмшил, эрх ашгаараа нэгдсэн бүлэглэлүүдээс шууд утгаараа  өөрсдийнхөө сайн сайхны төлөө, өргөн утгаараа нийгмийн хөгжлийн төлөө хийхээр дэвшүүлж буй аливаа санал санаачлагад Ардчилсан хүчний холбоо мэдрэмтгий хандаж, төрийн шийдвэр болгон хувиргахын төлөө бүхий л чармайлтыг тавьж ажиллах болно. Энэ зорилгоо ханган биелүүлэхийн тулд холбооны удирдлагын зүгээс үйл ажиллагаагаа гишүүдэд ил тод, нээлттэй байлгаж эрин зуунтайгаа хөл нийлүүлэн Онлайн хэлэлцүүлгийг өдөр бүр зохион байгуулж байх юм. Ардчилсан хүчний холбоо бүс нутаг, нийгэм, эдийн засаг, сайн засаглалын талаар шинэлэг санаа, хөтөлбөр, төслийг боловсруулсан сонирхлын бүлгүүдийг дэмжиж, санаачлагыг нь хэрэгжүүлэхэд төрийг шахах, шийдвэр гаргуулахад бодитойгоор нөлөөлнө. Бусад төрийн бус байгууллагуудад тэр бүр байхгүй, харин бидэнд буй боломж, нөөц, чадвар ийм юм.

Ардчилсан хүчний холбоо нь Монголын шинэчлэлийн хөдөлгөгч хүч, түүчээ нь болох зорилт тавьж байгаагийн хувьд эн тэргүүнд тулгамдаж байгаа дараахь дөрвөн чиглэлийг эхний ээлжинд анхаарч ажиллахаа тунхаглаж байна. Үүнд:          
  • Монгол улсад ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, олон ургальч үзлийг хөгжүүлэн дэмжиж, улс орныхоо хөгжлийн зохистой бөгөөд оновчтой бодлогын хувилбаруудыг төрийн бодлого шийдвэрт тусгуулах талаар гишүүдээсээ явуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  • рдчилсан үзэлтэй залуу улс төрчдийг бэлтгэх бодлогыг хэрэгжүүлэн, тэднийг төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх
  • Нийгэм, эдийн засгийн бүх салбарт ардчилсан үнэт зүйлс нэвтрүүлэхийг хүссэн иргэдийг дэмжиж ажиллах
  • Төрийн бүх шатны сонгууль, улс төрийн намуудын дотоод сонгуульд ардчилсан үнэт зүйл, шударга ёсыг дээдлэх зарчим дээр тулгуурласан мөрийн хөтөлбөртэй оролцож буй тус холбооны гишүүн нэр дэвшигчийг дэмжих
Ардчилсан хүчний холбоо дээрх зорилтуудаа биелүүлэхэд шаардагдах бүхий л хүчин чармайлт, боломжийг дээд зэргээр ашиглан Монголоо шинэчлэх, хамтдаа хөгжүүлэхийн төлөө тэмцэнэ. Өмнөх нийгмээс өвлөн авсан олон гажуудлын нэг бол улс төрийн намын тогтолцоо болж байна. Улс төрийн намууд монголын ардчилалд   түүхэн үүргээ гүйцэтгэсэн ч одоо хөгжлөөс хоцорч тэр ч бүү хэл боомилогч нь болоод байгаа нь санаа зовоох зүйл болоод байна. Намуудын хямрал нь төрийг хямрааж байсан үе бий. Зарчим, үнэт зүйл, үзэл баримтлалдаа үнэнч биш, зорилго нь албан тушаал түүгээр дамнан эрх мэдэл, эрх мэдлээр дамжин баялагт хүрэх арга зам гэсэн увайгүй хуурмаг зүйлд тулгуурласан болохоор үр дүн нь олон түмэнд хөнөөлтэй тусаж  байна.

Ардчилсан нам барууны үзэл баримтлал болох хүний эрх, эрх чөлөөг дээдлэсэн төр, хуульдаа захирагдсан төр, иргэн, хариуцлагатай бөгөөд чөлөөт зах зээлийн харилцааг хэрэгжүүлэх, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийг дэмжих бодлогыг баримталдаг л юм бол түүндээ тууштай байж, үүнийгээ хэрэгжүүлэх арга зам, бодлогыг   боловсруулдаг, сонгогчдод нээлттэй санал болгодог байх ёстой. Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орсноор "Үндэсний хэмжээний томоохон асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой" хэмээн тайлбарлаж байсан нь төдийлөн хэрэгжихгүй байна. Хамтарсан Засгийн газар байгуулснаараа урьд өмнө шийдэж болоогүй зарим асуудлыг шийдэх боломж гарч байгааг үгүйсгэхгүй. Гэвч энэ ажил удаашралтай, үхээнц байна. Наад зах нь Үндсэн хуулийн өөрчлөлт дээр шуурхай ажилласангүй. Сонгуулийн хуулиа одоо хүртэл сайжруулж өөрчлөөгүй л байна. Ашигт малтмал, уул уурхайн баялгийг хуваарилах талаар оновчтой бодлого хэрэгжүүлсэнгүй. Үлдэж байгаа хугацаанд бид эдгээрийг Засгийн газраас шахаж шаардаж ажиллах болно.

Өнөөдөр монголын улс төр, төрийн тогтолцоонд үгүйлэгдэж байгаа зүйл бол хариуцлагын тогтолцоо. Алдаа гаргасантайгаа хариуцлага тооцож чадахгүй байна. Улсын хил дээр буун дуу гарч хэд хэдэн хүний алтан амь эрсэдсэн хэрэг гарсны дараа хариуцсан агентлагийн даргад нь "хариуцлага" тооцож гадаадад дипломат албанд томилж байна. Авилгатай тэмцэх ёстой байгууллагын дарга нь төсвийн хууль зөрчөөд авилгатай тэмцэх ёстой улсын төсвөөрөө хувьдаа байр аваад байхад томилдог УИХ нь чимээгүй л толгойг нь илээд сууж байна. Алдаа гаргасан нь шудрагаар хариуцлагаа хүлээж чадахгүй байна. Алдаагаа цаг тухайд нь ухамсарлаж, хариуцлага тооцон, засаад явах нь амжилтын үндэс байдаг. Бид бизнесийн хариуцлагыг ч ярих цаг болсон. Дэлхийд зартай Toyota корпорацийн удирдлага алдаагаа шударгаар хүлээж, хариуцлагаа үүрч чадаж байгаагаас монголын улс төрчид ч, бизнесменууд ч суралцах хэрэгтэй.

Манай нийгэмд ус агаар мэт дутагдаж байгаа нэг зүйл бол шударга ёс. Саяхан хууль хяналтын дөрвөн байгууллагын үйл ажиллагааны талаар иргэдийн дунд социологийн судалгаа хийжээ. Судалгаанд оролцогсдын 67.9-70.2% шүүх, прокурор, цагдаа болон АТГ-ын үйл ажиллагаанд итгэхгүй байна, 66.3-71.6% нь одоогийн удирдлагыг нь шаардлага хангахгүй байгаа гэж дүгнэжээ. Эндээс дүгнэлт хийвэл хуулийн байгууллагууд болон олон нийтийн хооронд ноцтой зааг, сөрөг ойлголт бий болсон байна. Нэг үгээр хэлэхэд, ард түмэн хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд хэдийнээ муу дүн тавьсан байхад арга хэмжээ авах ёстой УИХ, ЗГ, Ерөнхийлөгч юу ч болоогүй юм шиг дуугүй сууж л байна. Засгийн эрх ард түмний гарт ямар ч гэсэн байхгүй байгааг илтгэх олон жишээний зөвхөн нэг нь энэ.

Улс төрийн нам, хүчин бүрээс чанга дуугаар зарладаг нэгэн уламжлалт, улигт зүйл бол авлига. Бүгд сонгуулийн өмнө энэ талаар цогтой ярьж, тунхаглаж, шаарддаг ч эрх мэдэл авсан даруйдаа авилгалтай тэмцэх биш тэврэлдэж байна. Эсрэгээр Авилгатай Тэмцэх Газар нь улс төрийн хэрэгсэл болж өмнөх төрийн эрх мэдэл атгагчдаас хойдохоо бодох, өөрийгөө хамгаалах, бусдыг гүтгэн, байр суурийг нь ганхуулах, улс төрийн барьцаа үүсгэх муна, бороохойн үүргийг гүйцэтгэх боллоо. АТГ байгуулагдсанаас хойш Монгол улс авилгалын индексээрээ урдхаасаа муудсан нь энэ байгууллага ажлаа хэрхэн хийж байгааг илэрхийлэх хэмжүүр болжээ.

Өнөөдөр та бүхний биечлэн оролцож, түүхэн гэрч нь болж буй Ардчилсан хүчний холбооны анхдугаар их хурал үйл ажиллагааныхаа хүрээнд "Хөгжлийн бүс", "Шинэ Улаанбаатар", "Нийгмийн салбарын шинэчлэл", "Байгаль орчин экологи", "Шинэ хөдөө" болон "Улс төр, эрх зүйн шинэчлэл" гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, ярилцахаар төлөвлөсөн.  

Монголын нутаг дэвсгэр дээр нээгдэж, нөөц нь тогтоогдчихсон ашигт малтмалын том ордуудыг дагаж байгуулагдах дэд бүтэц, хот байгуулалт, ажлын байр гэсэн асуудлыг "Хөгжлийн бүс" сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүлэг явна. Өнөөдөр бүсчилсэн хөгжлийн арга замыг бодитой болгох, хэрэгжүүлэхгүйгээр өрөөсгөл төвлөрөл, явцуу эдийн засгийн бүтэц улам бүр эрсдэлийг дагуулсаар байна. Хүн амын 30-аас илүү хувийг хамраад байгаа ядуурлыг "хишиг" түгээх төдийгөөр шийдвэрлэхгүй нь тодорхой болсон. Ядуурлыг бууруулах шалгарсан ганц л арга бий.  Тэр нь ажлын байрыг нэмэгдүүлэх юм.

"Шинэ Улаанбаатар" гэсэн сэдвийн хүрээнд гэхэд л нийслэлчүүдийн өмнө тулгарч байгаа олон асуудлыг хэрхэн шийдэх гарцын талаар хэлэлцэнэ. Манай улсын хувьд хүн амын тал хувь нь оршин амьдарч улс төр, соёл, эдийн засгийн төв нь болж мегаполисын хэмжээнд очиж буй Улаанбаатарын хувьд 60-аад оны хот төлөвлөлт, 70-аад оны хотын дэд бүтэц, энд би дэд бүтэц гэдэг нь уламжлалт зам харилцаа гэсэн явцуу утгаар нь бус ясли, цэцэрлэг, сургууль, театр, парк, залуучууд, ахмад настны чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд, спорт комплекс зэргээр өргөн утгаар нь хэрэглэж байна. - 80-аад оны менежмент, 90-ээд оны сэтгэхүйтэйгээ царцчихсан хотын удирдлагыг зориуд  цохон тэмдэглэмээр байна. Тэгэх тусмаа нийслэлчүүдийн амь нас, эрүүл мэндэд хамгийн их хохирол учруулж түгшээж буй уршигт утаа, тоосжилтоос хэрхэн салах вэ? Иргэдээ хэрхэн орон сууцаар хангах, дэд бүтцийг хэрхэн өөрчилж шинэчлэх вэ гэсэн асуудал хөндөгдөнө.

"Нийгмийн салбарын шинэчлэл" салбар хуралдаанаар монголын үр хүүхэд, оюутан залуучуудын хүмүүжил, төлөвшил, сурлагын амжилт, төгсөгчдийн чадавхийг олон улсын түвшинд хүргэхийн тулд боловсролын тогтолцоо, стандарт, сургалтын хөтөлбөрийг  үндэсний онцлогт суурилан олон улсын жишигт нийцүүлэн гаргаж, эдгээрийг хэрэгжүүлж өрсөлдөх чадвартай боловсон хүчний нөөцийг бий болгох арга замын тухай хэлэлцэх юм. Эрүүл мэндийн салбарын шинэчлэл хамгийн тулгамдсан асуудал юм. Тус салбарын асуудлыг шийдэхдээ цогцоор нь шийдэх ёстой бөгөөд эрүүл мэндийн салбарын санхүүжилт ба эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх ёстой. Мөн эрүүл мэндийн дэвшилтэт технологи, эмч ажилчдын цалин хөлс, урамшууллын тогтолцоог ч хөндөх ёстой.

"Байгаль орчин, экологийн салбар хуралдаанаар монгол улсын хөгжлийн гол хөшүүрэг нь хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг уруу шилжих тухай асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн усны одоогийн нээгдсэн нөөцүүдийг стратегиийн ордод бүртгэж авахгүй бол улс орны хөгжил усны гачаалаас болж саарах магадлалтай байна.  Уул уурхайн салбарыг хөгжүүлэхдээ  хүний  эрүүл мэнд-байгаль орчин- ашигт малтмал гэсэн дарааллыг баримтлах ёстой гэсэн зарчмыг баримтлах болно.

Өнөөдөр манай их хуралд хөдөө орон нутгаас олон хүн оролцож байна. Цас зуд бол нүүдлийн мал аж ахуйд байнга л тохиолдож байдаг бэрхшээл болохоос гэнэтийн зүйл биш юм. Дэлхийн байгаль, цаг уурын өөрчлөлт, цөлжилт, дулаарал манай орныг ч тойроогүй. Бид жилийн жилд л ган зуд, байгалийн бэрхшээлд буруу өгөн гомдоллосоор байх уу, энэ бүхнийг сөрөн зогсох чадвартай хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн асуудлууд "Шинэ хөдөө" хэлэлцүүлгийн үеээр хөндөгдөнө. Мал аж ахуй эрхлэх арга технологио өөрчлөх, дэлхийн стандартад нийцсэн  бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт цагийн аясаар бидний өмнө тавигдаж  байна.

"Улс төр эрх зүйн шинэчлэл" салбар хуралдаанаар ардчилалын үндсэн суурь болох парламентат ёс, засаглалын харилцан хяналт, хууль дээдлэх ёс, хувь хүний жам ёсны эрх, эрх чөлөө гэх мэт бүхий л суурь зарчмууд гажуудсан тухай, түүнийг хэрхэн засаж залруулах тухай яригдана. Ардчиллаа хамгаалах, парламентын засаглалаа бэхжүүлэх, хүчирхэгжүүлэхийн тулд иргэний ардчилал буюу шууд ардчиллыг хөгжүүлэх явдал гэж үздэг. Иргэний ардчилал нь шууд утгаараа төрийн бодлого шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэдэг. Өөрөөр хэлбэл ард иргэдэд өөрсдөд нь шууд хамаарах асуудлуудаар шийдвэр гаргах боломжийг олгож,  ард түмнээсээ асууж, ард түмнийхээ шууд дэмжлэгийг авах замаар ардчиллыг бэхжүүлнэ гэсэн үг. Сонгуулийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй болсон, түүнийг хэрхэн шинэчлэх талаар тодорхой илтгэл тавигдана.

Ардчилсан хүчний холбоог Засгийн газартай сөргөлдөгч, Ардчилсан нам дотор жигүүрлэгч хэмээн харж, хардаж байгаа хүмүүст хандан зориуд хэлье. Бид "Утаагүй Улаанбаатар", "100 мянган айлын орон сууц", "Сайншандын Хүнд үйлдвэрийн цогцолбор", "Эскпортын олон гарцыг хангах дэд бүтэц" зэрэг хөгжилд чиглэсэн, ажлын байрыг олноор бий болгох төслүүдийг бүхий л чадлаараа дэмжиж, Засгийн газар томоохон бүтээн байгуулалт өрнүүлэх боломжийг хангахын төлөө шахаж, шаардаж ажиллах болно. Харин улс орны өмнө тулгарч буй хөгжлийн асуудлуудад намын болон бүлэглэлүүдийн эрх ашгийн зүгээс тээг тавих, хувийн эрх ашгаа нийгмийнхээс дээгүүр тавих оролдлого бүрийг тас цохин, шудрага үнэнийг сахиулан ажиллахаа бас анхааруулж байна.

Дахин тодруулж хэлэхэд Ардчилсан хүчний холбоо бол "асуудал шийдэгч", "мэргэн удирдлагаар хангагч", "цорын ганц зөв замыг заагч"-ийн дүрд тоглогч биш ээ. Бид улс орны өмнө тулгарч буй бэрхшээлийг даван туулах арга замыг эрэлхийлэгч, хөгжлийн шинэ үзэл баримтлал дэвшүүлэгчдийн индэр, тэдний дуу хоолой, санал санаачлагыг төрийн шийдвэр гаргах төвшинд хүргэгч гүүр юм. Тийм болохоор их хурлын төлөөлөгчид та бүхэнд бодол санаагаа уралдуулан, улс эх орноо хөгжүүлэх санал санаачлагуудаа ундруулж, бага хугацаанд ихийг амжуулаарай хэмээн хүсэж үгээ өндөрлөе.

Монголын нийгэм их өөрчлөлт, их шинэчлэлийг хүсэн хүлээж байна.

Монголоо шинэчлэе, хамтдаа хөгжүүлье !

Эх оронд минь Ардчилал улам бүр мандан бадраг !
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.