Дэлхийн худалдааны байгууллагын сайд нарын ТРИПС хэлэлцээрийн шийдвэр хүний амь насыг аврах шийдвэр болсонгүй
2022.06.24

Дэлхийн худалдааны байгууллагын сайд нарын ТРИПС хэлэлцээрийн шийдвэр хүний амь насыг аврах шийдвэр болсонгүй

Дэлхийн Худалдааны Байгууллага (ДХБ)-ын ТРИПС хэлэлцээрийн талаар гаргасан сайд нарын шийдвэрийг Эмнести Интернэшнлийн Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн асуудал хариуцсан судлаач Тамарин Нелсон "Ковид-19 цар тахалтай тэмцсэн хоёр жил гаруйн хугацаанд Дэлхийн худалдааны байгууллага хүн бүрийн амь насыг аврах эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр шаардлагатай үедээ хангагдах боломжийг бий болгоогүй л байна. Энэ шийдвэрийн дагуу хөгжиж буй улс орны олон зуун сая хүн эдгээр бүтээгдэхүүний ихэнхийг авах боломжгүй хэвээр байхаар байна” гэж дүгнэжээ.

"Энэ шийдвэр одоогоор Ковид-19-ийн эсрэг вакциныг дэлхийн хэмжээнд хүртээмжтэй болгож чадахааргүй байна. Цар тахлын энэ үед Дэлхийн худалдааны байгууллагаас оношилгоо, эмчилгээг нэмж тусгасан хэлэлцээрийг сунгах шийдвэрээ зургаан сараар хойшлуулахаар шийдсэн нь ДХБ бодит байдлаас хэр хол байгааг харуулж байна”.

“Энэ шийдвэр Ковид-19-ийн эсрэг хийж буй хоосон хариу үйлдэл төдийгүй оюуны өмчийн эрх нь эрүүл мэнд, амьд байх эрхээс илүү гэсэн санаатай байна. 18 сар гаруй хэлэлцсэний эцэст ДХБ бүрэн эрхээ ашиглан хүний амь насыг аврах дэлхийн худалдааны дүрэм журмыг тогтоох боломжоо алдаж, цаашид нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед олон улсын хамтын ажиллагааны санаа зовоосон жишиг тогтлоо."

ДХБ-ын Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбоотой (ТРИПС) хэлэлцээр нь зохиогчийн эрх, барааны тэмдэг, патент, олон нийтэд ил болгоогүй мэдээлэл (худалдааны нууц, туршилтын тоон мэдээлэл гэх мэт) болон өрсөлдөөний эсрэг үйл ажиллагаа зэрэг оюуны өмчийн (IP) олон хэлбэрийн хамгийн бага стандартыг тогтоодог.

Оюуны өмчийн эрх нь хүний амь насыг аврах эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг цаг тухайд нь олж авахад саад болдог тул ТРИПС-ийн хэлэлцээрт "уян хатан байдал" хэмээх хамгаалалтын зохицуулалт байдаг. Энэ нь улс орнууд хууль тогтоомждоо нэмэлт, өөрчлөлт оруулж, компанид оюуны өмчийн эрхийн дүрмийг дагаж мөрдөхгүйгээр хүний амь аврах эм үйлдвэрлэх албан журмын лиценз олгох зэргээр нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед тодорхой арга хэмжээ авч болно.

“Уян хатан байдал" ихэвчлэн улс орон, үүсээд буй нөхцөл байдал, эм тус бүрээр хэрэгждэг бөгөөд тайлан нь төвөгтэй. Тиймээс үүнийг дэлхий нийтийн яаралтай хэрэгцээг хангахад үр дүнтэй эсэх талаар Ковид-19 цар тахал олны анхааралд оруулаад байна.

2020 оны 10 дугаар сард Энэтхэг, Өмнөд Африкийн улсууд Ковид-19-ийн эсрэг эрүүл мэндийн бүтээгдэхүүний хувилбарыг бусад улс орнууд үйлдвэрлэх боломж бий болгохоор оюуны өмчийн хамгаалалтыг түр хугацаагаар (IP/C/W/669) цуцлах хүсэлт гаргасан. Хэдийгээр 100 гаруй улсаас дэмжлэг авсан ч цөөн хэдэн чинээлэг улсууд эсэргүүцсэний улмаас энэ хүсэлт гацсан.

Европын Холбооноос ирүүлсэн саналыг хүчтэй тусгасанДХБ-ын Ерөнхий захирлын (WT/MIN(22)/W/15) сайд нарын шинэ шийдвэрийн төслийг 2022 оны 6-р сарын 12-17-ны хооронд хуралдсан ДХБ-ын Сайд нарын 12-р бага хурлаар (MC12) хэлэлцээд эцэст нь батлав.
Энэ шийдвэр нь нь оюуны өмчийн эрхээсээ татгалзах зохицуулалтын оронд одоо мөрдөж буй “уян хатан байдал”-ын талаар тодруулга өгч, таван жилийн хугацаанд Ковид-19 цар тахлын эсрэг вакцины экспортод тавигдсан хоригт хязгаарлагдмал хүрээнд зөвшөөрөл өгсөн.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn