Байгаль орчны сайд нарын хурал Монгол улсад болно
2022.07.18

Байгаль орчны сайд нарын хурал Монгол улсад болно

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин зохицуулагч Тапан Мишрантай уулзаж, 2023 оны 1-р улиралд Монгол Улсад Ази номхон далайн хамтын ажиллагааны байгууллагуудын 55 орны төлөөлөл Байгаль орчны Сайд нарын хурал (Launch meeting)-ыг зохион байгуулах хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Байгаль орчны сайд нарын уулзалтаар агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг сэдвээр хэлэлцэх бөгөөд энэхүү өндөр дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин зохицуулагч Тапан Мишран уулзалтын үеэр илэрхийлсэн байна. 

Түүнээс гадна Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг хүүхэд, өсвөр үеийнхэн дуу хоолойгоо нэгтгэх олон улсын бага хурал ирэх наймдугаар сарын 25,26-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Энэ хурал нь 2026 онд НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцын талуудын 17 бага хурлыг угтан эхлүүлж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын нэг юм.