Парламентын эрх зүйн орчныг шинэчилнэ
УИХ-ын 2009 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 38 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлд Монгол Улсын Их Хурлын хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал тусгагдсан. Үүнтэй уялдуулан Х.Тэмүүжин, Н.Ганбямба, Р.Амаржаргал, Ж.Энхбаяр, Ш.Сайхансамбуу нарын гишүүд УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барив.
Төсөл санаачлагчид УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын хүрээнд Үндсэн хуулийн ойлголт болсон гишүүний мандатын эрхийг хуульчлан баталгаажуулж, гишүүний мандатын эрх болон бүрэн эрхийг салган зааглах, олон улсын жишгээр халдашгүй байдлыг мандатын эрхэд хамааруулах чиглэлээр шинэ зохицуулалт хийх, УИХ-ын орчинд мандатын эрхийн зарчмыг бэхжүүлэхийн тулд мандатын эрхэд суурилсан гишүүдийн ялгамжгүй байдлын баталгааг эрх зүйн болон эдийн засгийн хүрээнд бүрдүүлж, гишүүний төсөв, урамшуулал, ажлын албаны зарчмыг шинэчлэн тогтоох, түүнчлэн гишүүний ёс зүйн дүрмийн үндэслэлийг хуульчлахаар төсөлд тусгажээ.
Харин УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Улсын Их Хурал, гишүүнд хандаж ирүүлсэн хүсэлт, гомдлыг хянан шийдвэрлэх асуудлыг эрхэлсэн Өргөдлийн, Засгын газрын бодлого чиглэлтэй уялдсан хууль тогтоох болон хянан шалгах чиглэлээр Бодлогын байнгын хороодтой байхаар тусгажээ. Мөн Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, орон нутгийн Хурлын сонгуулийн сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо, төрийн байгууллагын хууль бус, удирдлагын буруутай үйл ажиллагаа, дээд албан тушаалтнуудын хууль болон ёс зүй зөрчсөн үйл баримтыг хянан шалгаж, байцаан шинжих үүрэгтэй Байцаан шинжих түр хороог шинээр байгуулахаар төсөлд тусгасан байна.
Түүнлэн УИХ дахь нам, эвслийн бүлгийн зохицуулалтын зарим зүйлийг тодотгож, парламентын олонхи, цөөнхийн эрх зүйн байдлыг олон улсын жишигт нийцүүлэх болон Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн аудит, Авилгатай тэмцэх байгууллагын хууль тогтоомжийг УИХ-ын хяналтын бие даасан байгууллага байх чиглэлээр өөрчлөх эрх зүйн үндэслэлийг бий болгох, Улсын Их Хурлын төсвийг Улсын Их Хурал өөрөө боловсруулан баталж, зарцуулалтад дотоод бүтцээрээ хяналт тавих, ингэснээр төсвийн хувьд хараат бус байх зарчмыг хангасан зохицуулалт хийх нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.