С.Батдөл: УБТЗ бүх хүчин чадлаа шавхан битүү вагонуудыг бүгдийг нь зөвхөн цементийн тээвэрт ашиглаж байна
Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар вагоны хангалт хийгдэхгүй байгаагаас цементийн тээвэрлэлт саатахад хүрч байгаа тухай сошиалд жиргэснийг УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлөөс тодруулахад дараах хариултыг өглөө.
- “УБТЗ” ХНН нь бүтээн байгуулалтын улиралд үндэсний үйлдвэрлэгч цементийн үйлдвэрүүдийнхээ цементийн тээвэрлэлтийг саадгүй түргэн шуурхай зохион байгуулахын тулд өөрийн бүх хүчин чадлыг шавхан бүх битүү вагонуудыг зөвхөн цементийн тээвэрт ашиглаж байна. УБТЗ нь Хөтөл өртөөн дэх “Цемент шохой” ТӨХК-наас гадна Олон Овоо өртөөн дэх “МАК” ХХК, Өргөн өртөөн дэх “Монцемент” ХХК-ийн цементийн тээвэрлэлтийг гүйцэтгэдэг.
Цементийн тээвэрлэлтийг 2022 оны 07-р сарын 25-ны өдрийн байдлаар авч үзвэл:
Олон Овоо өртөөн дахь “МАК” ХХК нь УБТЗ-д 250 битүү вагоны захиалга өгснөөс 187 вагоноор хангалт хийж 187 вагон цемент ачсан. Хоног бүр үйлдвэр хэвийн ажиллаж ачилтыг хэвийн хийж гүйцэтгэсэн байна.
Өргөн өртөөн дахь “Монцемент” ХХК 50 битүү вагоны захиалга өгснөөс 36 вагоны хангалт хийж, 36 вагон цемент ачсан байна. Хоног бүр ачилтыг хэвийн хийж гүйцэтгэжээ.
Хөтөл өртөөн дэх “Цемент шохой” ТӨХК нь 242 вагоны захиалга өгснөөс 182 битүү вагоны хангалт хийгдсэн байна. Үүнээс ачсан 159 вагон, үйлдвэр өөрөө ачиж чадаагүй 23 вагон байна. 2022 оны 07 дугаар сарын 02 болон 06-ны өдрүүдэд ачилтад захиалгын дагуу вагон өгсөн боловч үйлдвэрт жагсаал болсон болон бусад шалтгаанаар ачилт хийгээгүй, мөн 11,12,17,18-ны өдрүүдэд тоног төхөөрөмж эвдэрсэн шалтгаанаар ачилтыг дутуу хийсэн зэрэг нь битүү вагоны эргэлт, цементийн тээвэрт сөргөөр нөлөөлж байна. Ер нь цементийн үйлдвэрүүд маань техникийн сааталгүй богино хугацаанд ачилтыг хийж гүйцэтгэж байвал вагон эргэлт түргэсэж, цементийн тээврийн эргэлт тэр хэмжээгээр сайжрах болно.
2022 оны 08-р сард Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн задгай клингерийн цехэд засвар хийгдэх үед бид өөрсдийн нөөц бололцоог шавхан хоног бүр 8-10 битүү вагон ачилтад өгч тээвэрлэхэд агуулахын нөөцийг 09 –р сарын 01 ний өдрийн дотор дуусгах боломжтой гэж үзэж байна.
“УБТЗ” ХНН нь ууттай цемент тээвэрлэх зориулалт бүхий 154 ширхэг битүү вагонтой бөгөөд хоног бүр “МАК” ХХК 20 вагон, “Монцемент” ХХК 5 вагон, Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК 15 вагон ачихаар захиалга өгч байгааг өөрийн цементийн зориулалттай бүх вагоноор 70-80 хувийн гүйцэтгэлтэй ханган зохион байгуулж байна.
Нийт захиалгыг 100 хувь бүрэн ханган тасралтгүй тээврийг зохион байгуулахад нийт 244 ширхэг битүү вагон шаардлагатай ба нэмэлтээр 90 ширхэг битүү вагон худалдан авах шаардлагатай.
Нэг ширхэг битүү вагоны өнөөгийн зах зээлийн дундаж ханш 220 сая.төгрөг гэж тооцоход 90 ширхэг битүү вагон худалдан авахад 20 тэрбум төгрөг шаардагдаж байна. Улс орны нийгэм эдийн засаг хямралтай байгаа өнөөгийн үед ийм хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг бий болгоход хүндрэл үүсэж байна.
Манай зарим томоохон уул уурхайн компаниуд өөрийн эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүн вагонтой байдгийн адилаар цементийн үйлдвэрүүд ч тээвэрлэлтэд шаардлагатай дутагдаж байгаа вагонуудыг өөрсдөө худалдаж авах юм уу, түрээслэх нь зөв юм.
Бүх эрсдэлээ “УБТЗ” ХНН-д үүрүүлэх нь буруу юм. “УБТЗ” ХНН нь улс орны экспорт, импорт, орон нутгийн төрөл бүрийн тээврийг тасралтгүй шуурхай тээвэрлэхийн төлөө өөрийн хүчин чадлаас давсан их ажлыг гүйцэтгэж байна.