Хилийн боомтуудын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв
2009.11.07

Хилийн боомтуудын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв

УИХ-ын дэд дарга Г.Батхүү БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юй Хун Яо-г өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, Эдийн Засгийн Байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар оролцов. БХАТИХ-ын урилгаар УИХ-ын гишүүдийн Бээжин хотноо хийсэн ажлын айлчлал амжилттай болж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар олон асуудал хөндөгдөж, ялангуяа хил орчмын хамтын ажиллагааг сайжруулах, зорчигч тээвэрлэлтийн ая тухтай байдлыг хангах, түүнчлэн монголын талаас мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн борлуулах болон хорио цээрийн зохицуулалтын асуудлаар тавьсан саналыг хятадын тал нааштайгаар хүлээж авсанд талархалтай байгаагаа УИХ-ын дэд дарга Г.Батхүү уулзалтын эхэнд онцлон тэмдэглэлээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятадын гаалийн байгууллагаас өнгөрсөн онд монголын талаас хил гарах бүх төрлийн машиныг оруулахгүй байх тушаал гарч энэ оны 10 сараас шийдвэр нь хэрэгжиж эхлээд байна. Хоёр талын тээврийн байгууллагуудын хоорондын протоколоор байгуулсан хилийн боомтоор орж гарах тээврийн зөвшөөрлийг хятадын гаалийн байгууллага үл хэрэгсэн монголын талаас орох машиныг хорио цээрийн хашаанаас цааш хэтрүүлэхгүй байгаагийн улмаас хүмүүс хүрэх газраа хүрч чадахгүй, нүүрс тээвэрлэж байгаа машин орж чадахгүй байгаа хүндрэл үүсээд байгааг мэдэгдэж хоёр талын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлж өгөхийг анхаарууллаа.

Энэ удаагийн айлчлал хэдий богино хугацаатай байсан ч хоёр тал олон асуудлаар харилцан ярилцаж санал солилцсонд сэтгэл хангалуун байгаагаа ноён Элчин сайд илэрхийллээ. Тэрээр айлчлалын үеэр хөндөгсөн асуудлуудыг анхааралдаа авч холбогдох яамдад уламжлана гэдгээ хэлсэн. Гэхдээ зарим тодорхой салбарын хамтын ажиллагаа, тухайлбал мал аж ахуйн чиглэлийн асуудалд холбогдох яамд түлхэц өгөх нь чухал гэдгийг тэмдэглэлээ. Хоёр улсын харилцаа эрчимжиж эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин шинэ шинэ нөхцлүүд үүсч байгааг анхааралдаа авч судлан холбогдох байгууллагуудад мэдэгдэхээ илэрхийллээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.