Мянгатыг биш "Байгальд ээлтэй" малчдыг дэмжиж ажиллана
2022.07.27

Мянгатыг биш "Байгальд ээлтэй" малчдыг дэмжиж ажиллана

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр НҮБХХ, БОАЖЯ, ХХААХҮЯ хамтран хэрэгжүүлж буй "ADAPT" төслийн сургалт, хэлэлцүүлэг, судалгааны ажил Ховд хотод эхэллээ.

Уг төсөл нийт дөрвөн аймгийн 68 суманд 7 жилийн хугацаанд  хэрэгжиж 130 мянган малчинд үр шимийг хүртээх юм.

Энэхүү төслийн үр дүнд цаг агаарын мэдээг сар, улирлын өмнө урьдчилан тооцоолох техник хэрэгсэлтэй болохоос гадна газар тариалан, мал аж ахуйг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх боломж бүрдэж, үүнийг дагаад цаг агаарт зориудаар нөлөөлөх чадавх бэхжих зэрэг малчдад үр өгөөжөө өгөх зорилтот төсөл юм.

Төслийн хэрэгжих хугацаанд сумдын болон усны сав газрын захиргаадын менежмент шинэчлэгдэж, 2500 га талбайд татмын ой ургуулж, 88 булгийг хамгаалж, 285 худаг шинээр барьж байгуулахаас гадна сэргээх ажлууд ч шат дараатай хийгдэхээр төлөвлөгдөж байна.  Мөн 18 ус хуримтлуулах төв байгуулж, 2890 га талбайд хадлан бэлчээрийн нөөц газар, түүнийг түшиглэсэн тэжээлийн агуулахууд байгуулах юм.

Байгалийн нөөцөөс хамааралтай хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх загвар төсөл нь бэлчээр, усны зохистой менежмент, малын ашиг шим, түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Ховд аймагт зохион байгуулж буй малчдын зөвлөгөөнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга болон албаны төлөөлөл болон нийт 180 гаруй малчид оролцож байна.