Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан: Нүхэн гарцыг богино хугацааанд чанартай гүйцэтгэхээр 24 цагаар амралтгүй ажиллаж байна
2022.08.02

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан: Нүхэн гарцыг богино хугацааанд чанартай гүйцэтгэхээр 24 цагаар амралтгүй ажиллаж байна

Хан-Уул дүүргийн нутаг, Наадамчдын гудамж, Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулах ажил ид өрнөж байна.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан:

-Нүхэн гарцын ажлыг аль болох богино хугацаанд чанартай гүйцэтгэхэд анхаарч, гүйцэтгэгч компанийнхан  24 цагаар амралтгүй ажиллаж байна. Наймдугаар сарын 1-11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн, наймдугаар сарын 11-22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн хөдөлгөөнд өөрчлөлт оруулж байгаагаас авто замд ачаалал үүсэж байгааг бид бүхэн ойлгож байгаа. Туслах зам гаргая гэхэд орон сууцны хороолол дундуур сүлжиж явахад хүрч буй учир тухайн орон сууцны хорооллын оршин суугчид, тэр дундаа хүүхэд багачуудад халтай шийдвэр болох учир нүхэн гарц ашиглалт орох хүртэл энэхүү зохицуулалтыг дагахаас аргагүйд хүрээд байна гэдгийг хэлж байна.

Энэхүү 37.5 метр урттай нүхэн гарц ашиглалтад орсноор автомашин, явган хүний хөдөлгөөний огтлолцол үгүй болж, явган зорчигчид зам тээврийн осолд өртөх эрсдэл буурах юм.

Иргэдийн хүсэлт болоод Тээврийн цагдаагийн газрын судалгаанд үндэслэн нүхэн гарцын бүтээн байгуулалтыг аль болох түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэхэд анхаарч байгааг захиалагч байгууллага болох Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас тодотгож байна.

Бүтээн байгуулалтыг наадмын өмнө болон наадмын өдрүүдэд хийх боломж байгаагүйг мөн тайлбарласан. Учир нь наадмын өмнө болон наадмын үеэр баруун бүсийг зорьсон аялагчид, Хүй долоон худгийг зорих наадамчдын ая тухыг хангах шаардлагатай байсан бол наадмын дараах өдрүүдэд бороотой байсан нь ажил эхлүүлэхэд сөргөөр нөлөөлсөн байна.

Яармагийн зам ачаалал ихтэй байгаа учир Нисэх болоод Хөшигийн хөндийг зоригсод Сонсголонгийн зам, Ажилчны гудамж, ТЭЦ-ийн замуудыг сонгон зорчиж, ачааллыг тэнцүүлэх боломж байгааг мэргэжилтнүүд сануулж байна.