Баянгол дүүрэгт 1970-1980 оны барилга олон бий
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр нийслэлийн Баянгол дүүрэгт ажиллалаа.
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар:
-Баянгол дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 23 мянган хүүхэд бий. Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахын тулд Засгийн газар, Боловсрол шинжлэх ухааны яам, НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газар, дүүргүүд хамтран төрөл бүрийн арга хэмжээ авч байна. Өнөөдрийн байдлаар манай дүүрэгт 600 орчим хүүхдэд цэцэрлэг, анги танхим хүрэлцээтэй биш байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс цэцэрлэгийн эрхлэгч нар, хороодын дарга нар хамтран хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах талд анхаарал хандуулан ажиллаж байгааг онцолъё. Анги өргөтгөх, засварлах, байр түрээслэх гэхчлэн бүхий л арга хэмжээг авч байна.
Манай Баянгол дүүрэг орон сууцны хороолол олонтой. Тэр хэрээр барилгууд нь насжилт өндөртэй. 3,4 дүгээр хорооллын барилгууд 1970-1980 оных байдаг бол Төмөр зам орчимд 1960-аад онд баригдсан сургууль, цэцэрлэг ч бий. Тиймээс барилгууд нь нэлээд муудсан. Сүүлийн жилүүдэд шинээр сургууль, цэцэрлэг барихад анхаараад хуучин барилгын засварыг орхигдуулсан тал бий. Тэдгээрийн нэг нь бидний ирээд буй 157 дугаар цэцэрлэг. Энэ цэцэрлэгийг дулаан алдагдлыг бууруулах төсөлд хамруулж, дээвэр, дулаан алдалт, фасадын засварыг хийсэн. Одоо дотор засварууд үлдсэн. Хөрөнгийн эх үүсвэр шийдсэн учир есдүгээр сарын 1 гэхэд хүүхдүүдээ хүлээж авах болно. Цаашид төсөлд хамруулах цэцэрлэг бий. Зарим орон сууцны барилгад ч дулааны алдагдлыг бууруулах ажлыг амжилттай хийж байгаа гэсэн юм.
Баянгол дүүргийн 157 дугаар цэцэрлэгийн хувьд 1991 оноос монгол цэцэрлэг болон ажиллаж эхэлсэн. 14 бүлгийн 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. 48 багш, ажилтантай цэцэрлэг юм. Энэхүү цэцэрлэгт төсөл хэрэгжихээс өмнө цэцэрлэгийн нөхцөл байдал асар хүнд байсныг цэцэрлэгийн эрхлэгч онцолж байлаа.
Анх байгуулагдсан цагаас хойш барилгын болон сантехникийн их засвар хийгээгүйгээс гадна фасад огт засагдаагүй өнөөдрийг хүрсэн байна. Өвлийн улиралд тасалгааны температур 11-12 хэмээс хэтэрдэггүй, дулааны алдагдал ихтэй байсан тул Дэлхийн банкны “Дулааны алдагдлыг бууруулах төсөл”-ийн хүрээнд их засвар хийж буй юм. Түүнчлэн хүртээмж өндөртэй цэцэрлэг учир 440 сая төгрөгийн дотор засварыг хийх болсонд баяртай байгаагаа тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Болортуяа онцолж байлаа.
Баянгол дүүргийн 141 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ц.Мөнхтуул:
-Манай цэцэрлэг 1991 онд ашиглалтад орсон, эдүгээ 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 330 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны ганц цэцэрлэг учраас ачаалал байх ёстойгоосоо хоёр дахин их байдаг. Энэхүү төсөл манай цэцэрлэгт хэрэгжсэнээр хүүхдүүд дулаан орчинд сурах боломжтой болж байна. Сурах орчин нөхцөл сайжирснаар хүүхдүүдийн дундах өвчлөл буурч, хичээлдээ таслахгүй явах боломж бүрдэж, сурлагын таатай орчин бий болж болно. Үүнд их баяртай байна.