Энэ онд 9 барилгын дулааны алдагдлыг бууруулна
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр нийслэлийн Баянгол дүүрэгт ажиллалаа.
“Улаанбаатар хотын цэвэр агаар” нэмэлт санхүүжилтийн төслийн зохицуулагч Н.Баяртогтох:
-Уг төсөл 2012 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд 2020 оноос хоёрдугаар шат эхэлсэн. Нийслэлийн сургууль цэцэрлэгийн цөөнгүй хувь нь олон жилийн өмнө баригдсан учир дулааны болон эрчим хүчний алдагдал ихтэй байдаг. Тиймээс алдагдал бууруулж, хэмнэлт гаргах зорилгоор манай төсөл хэрэгжиж байна. Төсөл хэрэгжих сургууль, цэцэрлэгийг Нийслэлийн Боловсролын газар болон нийслэлийн бусад харьяа байгууллагуудтай зөвшилцөн, газар дээр нь нөхцөл байдалтай танилцсаны үндсэн дээр сонгосон.
2022 онд есөн барилгад дулаан алдагдлыг бууруулахаар төлөвлөсөн. Үүнээс дөрөв нь орон сууц, мөн дөрөв нь цэцэрлэг, нэг нь сургуулийн барилга. Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх ажлыг дуусгаж, хүлээлгэн өгнө. “Улаанбаатар хотын цэвэр агаар” нэмэлт санхүүжилтийн төсөл 2023 оны 12 дугаар сард албан ёсоор хэрэгжиж дуусна. Нийслэлийн удирдлагууд уг төслийг маш их дэмждэг учраас төслийн санхүүжүүлэгч Дэлхийн банканд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлт тавьж, ярилцах болно гэсэн юм.
ОРШИН СУУГЧИД ДУЛААН ӨВӨЛЖИХ БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
Харин орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах засварын тухайд:
-Энэхүү орон сууц нь 1977 онд баригдсан хуучны барилга бөгөөд дулаан алдагдал ихтэй, дээврээс ус гоождог байсан. Тиймээс дэлхийн банкны төслөөр гадна фасадын засвар, дээврийн засварыг хийж байна. Өмнөх жил 2А байранд хийсэн засвар, үйлчилгээнд иргэд сэтгэл хангалуун байгаа. Энэ жилийн хувьд ч чанартай сайн гүйцэтгэж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж "Тэгш бүрэн констракшн" ХХК-ийн талбайн инженер Ж.Тунгалаг өгүүллээ.
Баянгол дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч Г.Байгалмаа “Манай байр өвөлдөө маш хүйтэн байдаг. Дулаалга хийснээр ирэх өвлөөс дулаан өвөлжинө гэж итгэж байна. Засварын хувьд хамгийн чанартай сайн хөөсөнцөр ашиглаж байгаад баяртай байна. Зургаадугаар сард эхэлсэн засварын ажил урагштай сайн хийгдэж байгаа” хэмээн өгүүлсэн юм.