УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Далд эдийн засгийг ил болгох хэрэгтэй
Монгол банк, Олон улсын валютын сан, Шведийн Риксбанк, Английн төв банкнаас хамтран "Парламент-Төв банкны харилцаа: Олон улсын чиг хандлага" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Баттөмөр оролцож, санал бодлоо илэрхийллээ.
Банкны бие даасан байдал нь “Мөнгөний бодлого боловсруулагчид нь улс төрийн болон Засгийн Газрын нөлөөгүйгээр өөрийн бодлогыг хэрэгжүүлэх эрх чөлөөт байдал” гэж зарим судлаачид тодорхойлсон байдаг. Манай "Төв банкны тухай" хуулиар мөнгөний бодлого хараат бусаар хэрэгжих эрх зүйн орчин бүрдсэн.
Монгол банкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино. Ханш нь мөнгөний бодлогоос гадна төсвийн бодлого, түүний үйл ажиллагаатай холбоотой нь ойлгомжтой. Монгол төгрөгний ханшны уналтын хэдэн хувь нь Мөнгөний бодлоготой холбоотой, хэдэн хувь нь бусад шалтгаантайг судалж гаргах шаардлагатай. Энэ оны эхний хагаст дайн байлдаантай байгаа ОХУ-ын рубль, АНУ-ын долларын эсрэг 17 хувиар чангарсан бол манай төгрөгийн ханш 12 хувиар унасан.
Монголчууд бид 1991 онд ардчилал зах зээлийн нийгэмд шилжихдээ урьд хүрсэн түвшингээ нурааж, шинээр бүхнийг эхлэх гэсэн нь маш том алдаа байсан. 1991 он хүртэл Монгол үйлдвэрлэгч орон байсан. Өнөөдөр тэр түвшнээс нилээд том ухралт хийсэн. Бид зах зээлийн нийгэмд шилжихдээ хөгжлийнхээ сууриа буруу тавьчихсан нь өнөөдрийн хоцрогдол, мухардлын гол шалтгаан болж байгаа юм.
Манай хөрсөн дор газрын маш их баялаг байна. Монгол улс газрын дор болон дээр байгаа баялагаараа дэлхийд эхний 15-д ордог гэсэн мэдээлэл бий. Зөвхөн нүүрс гэхэд одоогоор судлагдсан нь 3.6 тэрбум тн, жилд 30 сая тн-ыг гаргана гэвэл 120 жил гаргах нөөцтэй. Дэлхийн зэсийн 4 том уурхайн нэгд тооцогддог Оюутолгой төслөөс Монголын эдийн засагт оруулах хувь нэмэр бага байна. Эскпортод гаргаж байгаа зэсийн баяжмалын төлбөрөөс Монголд зөвхөн зардалд шаардагдах хэсэг нь орж ирдэг, бусад нь гадаадын банкинд ордог.
Энэ төслөөс Монголчууд их зүйл хүлээж байсан. Өнөөдөр энэ төслийн үр өгөөж маш чамлалттай байна. Байгалийн маш их баялагтай мөртлөө улс нь асар их өртэй, иргэд нь ядуу амьдарч байгаа нь хөгжлийн төрийн бодлого буруу, төрийн оновчтой зохицуулалт дутагдсаных гэж оношилдог.
Өнөөдрийн хэлэлцүүлэг Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид авах хэмжээ, асуудлыг тойрч яривал илүү үр дүнтэй. Бид 30 жил дэлхийн хэмжээний макро, микро эдийн засаг ярилаа. Үр дүн гарсангүй. Одоо хөрсөн дээрээ бууж, тогтож ярих шаардлагатай. Санхүүгийн тогтвортой байдлыг хангахад мөнгөний оновчтой бодлого онцгой ач холбогдолтой.
Монголын төрд өнөөдөр хуримтлал алга. Шаардлагатай санхүүжилтийг хийж чадахгүй өр тавьж, төсвийн алдагдлаа нөхөж ирлээ. Хуримтлалыг нэмэгдүүлэхийн тулд дараах арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзэж байна.
- 1.Баялгийн менежментийг оновчтой болгох
- 2.Авлигатай тэмцэх
- 3.Далд эдийн засгийг ил болгох
- 4.Монгол улсын бүтээмжийг нэмэгдүүлэх
- 5.Ард иргэдийн зах зээлийн нийгэмд ажиллаж, амьдрах ухамсар, боловсролыг дээшлүүлэх
- 6.Эдийн засгийн шинэчлэлийг эрчимтэй хийх асуудлууд багтана.
Мөнгөний бодлогын шинэчлэлийн хүрээнд дараах асуудлуудыг авч үзэх нь зүйтэй. Үүнд,
-2008 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын дараагаас санхүүгийн тогтвортой байдлыг хангахад Төв банкны оролцоо, түүний бие даасан хараат бус байдал, энэ үйл явцад хэрхэн нөлөөлж байгааг судлах болсон. Бид ч гэсэн энэ чиглэлээр маш сайн судалгаа хийх шаардлагатай.
-Санхүүгийн бие даасан байдал, Засгийн газартай харилцах санхүүгийн чадавхи ямар байх, төсвийн бодлого, мөнгөний бодлогын харилцан уялдааг сайжруулах, өөрийн орны өнөөгийн нөхцөл байдалд ямар байх талаар судлах шаардлагатай.
-“Төв банкны үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдлыг хангах" гэж олон улсуудын төв банкны хуульд заасан байдаг. Үүнийг судлаж үзэх шаардлагатай.
-Төв банкны удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлаар давхар хяналтын зарчмаар шийддэг олон улсын практикийг судалж үзэх,
-Монгол банкны удирдлагыг улс төрийн нөлөөнөөс ангид байх эрх зүйн зохицуулалтыг хийж өгөх. Монгол банкны ерөнхийлөгчийг одоогийн хуулиар 6 жилээр томилж байна. Монгол Банкны ерөнхийлөгчийг 1991-2016 онд 7 удаа томилж, чөлөөлж байсан. Нэг ерөнхийлөгчийн ажиллах хугацаа 3.7 жил байсан байна.
-Төв банкны үйл ажиллагаа явуулах хөрөнгөд алдагдал үүссэн тохиолдолд Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр шууд нөхөх зохицуулалтыг хуульд тусгах нь хараат бус байдлыг олон улсын жишигт нийцүүлэх боломжтойг бид анхаарах шаардлагатай гэж тэрээр хэллээ.