Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2022.08.24) хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Цэц тодорхой асуудлыг хэлэлцэж болно. Гэхдээ хуулийн хүрээнд байх ёстой. Цэц үндсэн хууль зөрчиж дүгнэлт гаргасан. Гагцхүү хууль тогтоох эрх Улсын их хуралд байдгийг бодож үүнд их хурлын гишүүд анхаарах ёстой. Үндсэн хуулийн агуулга, заалтыг цэц өөрчлөх ёсгүй. Өөрсдийнхөө үндсэн хуулийн дүгнэлтэд халдаж болохгүй гэсэн цэцийн дүгнэлтээ хүртэл хуралдаанаараа хүчингүй болгосон. Өмнө гаргасан эцсийн шийдвэрүүдээ эргэж хардаг болсон нь буруу жишиг. Хэзээ нэгэн цагт цэц эцсийн шийдвэр гаргаад тусгаар тогтнолын заалтыг өөрчилвөл бид яах уу?
9 хүний гарт төрийн бүх эрх мэдэл, шилжчихсэн байгааг хараад суух уу? Төрийн эрх барих байгууллага бол Улсын их хурал. Тиймээс эдгээр асуудлыг хэлэлцэхдээ бид анхааралтай хандах хэрэгтэй. Улсын их хурлын гишүүнийг сонгодог үндсэн хуулийн эрхийг ард түмний гараас булаах шийдвэр гаргасан. Би их хуралд цэцийн 3 гишүүнтэй холбоотой асуудал тавьсан. Энэ гишүүдийг татах хэрэгтэй. Улсын их хурлаар татаж өөрсдөөсөө жишиг гаргах хэрэгтэй. Ард түмнээсээ сонгогдож ирчихээд одоо ард түмний сонгох эрхийг булааж байгаа энэ асуудлыг хараад зүгээр хараад сууж болохгүй. Нам сонгох боломжийг нээсэн. Үндсэн хуульд ийм заалт байхгүй. Өөрөөр хэлбэл төр ард түмний гараас мултрах гэж байна гэсэн үг.