2022.08.26
С.Бямбацогт: Аудит бол төрийн нүд, чих алдаанд хатуу хариуцлага тооцож чаддаг төмөр нүүр байх ёстой
Манай улсад орчин цагийн төрийн хяналтын тогтолцоо үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна.
Энэ хүрээнд болсон “Онол практикийн бага хурал”-д УИХ-ын гишүүн С.Бямбацогт оролцож “Хөгжлийг дэмжсэн стратегийн аудит”-ыг гүйцэтгэхэд онцгой анхаарах нь чухал гэсэн агуулгаар илтгэл тавьлаа.
Тэрээр “Аудит бол 10 их наядын зөрчил гарлаа гээд мэдээлээд орхидог, илрүүлээд хаядаг биш араас нь явж хариуцлага нэхдэг “Шүдтэй арслан” байхыг хуулийн шинэчлэлээр нь шийдэж өгсөн. Улс, орон нутгийн төсөв нь хөгжлийн бодлого, зорилгоо хэрэгжүүлэхэд чиглэсэн хөгжлийн төсөв байх учиртай.
Тиймээс ҮХНӨ-өөр урьдчилсан төлөвлөгөөгүй, зураг төсөвлөөгүй, газрын зөвшөөрөлгүй хөрөнгө оруулалтын санал хөндлөнгөөс оруулж, төсвийн зарлагыг нэмэгдүүлдэг явдлыг таслан зогсоох өөрчлөлт хийсэн.
Энэ өөрчлөлтийг амилуулж ажил болгох чиг үүрэг нь Төрийн хяналт шалгалтын хуулиар УИХ, аудитын байгууллагад ирсэн. Хянах хууль байхгүй, хариуцлага тооцох эрх байхгүй гээд хойшоо суух шалтаг одоо нэг ч үлдээгүй.
Тиймээс сайн засаглалын сахиул, төрийн мөнгөний хянагч нь төрийн аудитын байгууллага гэдгийг мартаж болохгүй" гэсэн юм.