Эгийн голын эхээр 30 жил хуримтлагдсан "хур хог"-ийг нүүлгэв
2022.08.29

Эгийн голын эхээр 30 жил хуримтлагдсан "хур хог"-ийг нүүлгэв

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвлөрсөн хогийн цэг нь Эгийн голын эхээс 3.5 км зайд байршин, 5 га талбайг эзэлж, 30 гаруй жилийн хугацаанд хог хаягдал нь хуримтлагдсан байдалтай байсан билээ. 

Хогийн цэгийн байршлаас борооны улирал болон шар усны үерээр хог хаягдал урсаж, Хөвсгөл нуур, Эгийн голыг бохирдуулах нөхцөл болдог байсан тул хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгараад байсан юм. 

Тэгвэл энэ ажил биеллээ олж Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд хогийг зөөх, шинээр хогийн цэг гаргах, халиа, үерийн далан барих ажил дуусах шатандаа орсон.

Хогийн цэгт байсан хогийн 95%-ийг зөөж дарж булсан бол нийт 2350м шороон далан барихаас 2000м даланг барьж дууссан бөгөөд шинээр гаргах хогийн цэгийн 100м*100м газрыг 4м гүн ухах ёстойгоос 90%-ийн ажлыг тус тус гүйцэтгээд байна.

Гүйцэтгэгч байгууллагын үйл ажиллагаанд сумын ЗДТГ, БОТХБТасгаас тогтмол хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд цаашид шинээр гаргах хогийн цэгийн шороог хоёр өдөр зөөх, цэвэрлэгээ, тэгшилгээ хийх, 100м газар далан барих шаардлагатай.