Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалт гарч болзошгүйг шинжилнэ
Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Төв аймгийн Батсүмбэр сум дахь ахмад настны үндэсний төвд ажиллав.
Ингэхдээ төвөөр үйлчлүүлж буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалт гарч болзошгүй тогтолцооны шалтгаан нөхцөл, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлох зорилгоор хяналт шинжилгээ, үнэлгээ хийв.
Энэ хүрээнд ахмад настны үндэсний төвийн ахуй нөхцөл, холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, хөдөлмөрийн дотоод журам, хэм хэмжээ, бусад бичиг баримтуудад дүн шинжилгээ хийн удирдлагын баг, эмч, сувилагч, бусад ажилтан болон үйлчлүүлж буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс нууцлал бүхий санал асуулга авч, биечлэн уулзсан юм.
Уулзалтын үеэр гаргасан санал, хүсэлт нэг бүрийг газар дээр нь судлан, төрийн албан хаагчдын сахилга, ёс зүйг чанд сахих, үйлчлүүлэгчидтэй харилцааны соёлын зөрчил, дутагдал гаргахгүй ажиллах талаар зөвлөгөө, чиглэл өгсөн байна.
Цаашид эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалт гарч болзошгүй явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний Зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.