Сандал суудлаа олцгоолоо, одоо ажлаа шуурхайлъя
2022.09.01

Сандал суудлаа олцгоолоо, одоо ажлаа шуурхайлъя

За ямартай ч сандал суудлаа олцгоолоо. Давхар дээл өмслөө, бяртай боллоо. Одоо ажлаа шуурхайлах нь чухал болоод байна. 

Нутгийн тал хэсэг нь гантай байна. Ирэх өвөл амаргүй нөхцөл байдал үүсэж мэдэх нь судалгаа, ажиглалт, дотоод, гадаад олон хүчин зүйлээс тодорхой байна. Тиймээс мал сүргийн өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, отор нүүдлийг зөв зохицуулах, хадлан тэжээлийн нөөцийг шаардлагатай түвшинд бүрдүүлэх нь чухал байна.

Түлш шатахууны үнийг тогтворжуулах, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтоон барих, цахилгаан, дулааны хангамжаа тасалдуулахгүй байх, алдагдлыг бууруулах, зардлыг хэмнэхэд онцгой анхаарах шаардлагатай.

Цар тахлын дахин дэгдэлтээс сэргийлэх, эмнэлэг, боловсролын байгууллагуудын бэлтгэлийг бүрэн хангах, дотоодоос хангах боломжтой хүнсний хангамжийн найдвартай нөөц бүрдүүлэх, мал махаа экспортлох, малчдаа орлогожуулах асуудал байна. Ард түмний амьдрал хүнд байгаа шүү.

Хил боомтын гацааг арилгах, төмөр замаа ашиглах, экспортоо нэмэгдүүлэх, валютийн нөөцөө зузаатгах, төгрөгийн ханшаа барих нь чухал.

Төсвөө зохиохдоо алдагдлаа бууруулах, өрөө багасгах, элдэв байшин барилга барихаа хойшлуулах, эхэлснээ дуусгах, иргэдийн амьжиргаа руу чиглэсэн бодитой дэмжлэг үзүүлэх төсөл, арга хэмжээ рүү илүү хуваарилах шаардлага байна.

Төрийн албанд ажил гацаасан, хүнд сурталтай авилгачдыг хусах нь зөв биз дээ. Амаргүй л цаг үе.