“Татварын хөнгөлөлтүүдийг хүчингүй болгох” хууль УИХ-ын
Өчигдөр орой хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар Ц.Даваасүрэн, С.Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн хийх байсан ч “хэлэлцүүлэг хийх боломжгүй” хэмээн хойшлогдлоо.
Учир нь парламентын “хуульч гишүүд” болох Ц.Нямдорж, Ц.Мөнх-Оргил нарын гишүүд хууль дэг зөрчин орж ирлээ хэмээн үзсэн юм. Хуулийн төсөл дээр Засгийн газрын ч саналыг аваагүй, өчигдөр өргөн барьсан хуулийг өнөөдөр батлах гээд хэлэлцэж байх нь зохимжгүй, нөгөө талаараа төсөв, орлого дутлаа гээд хоёр жилийн өмнө олгосон хөнгөлөлтөө буцаах нь “буруу” хэмээн гишүүд үзсэн юм.
2007 он баталсан татварын хуулиараа Монгол улс Азидаа хамгийн бага татвартай улс болсон юм. Энэ хуулиар Монгол улсын тэргүүлэх аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийсэн бол уг хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх албан татварын хөнгөлөлт үзүүлэхээр заажээ.
Мөн татварын тайлангаар гарсан алдагдлыг 2-8 жилийн хугацаатай ирээдүйд шилжүүлэн заасан байгаа юм байна. Энэ нь аж ахуй нэгжид татварын хөнгөлөлтийг давхардуулан олгож байгаа учраас Энэ хөнгөлөлтийг арилгах хэрэгтэй хэмээн хууль санаачлагчид үзжээ. Үүнээс гадна энэ татварын хөнгөлөлтийг хүчингүй болгосноор 12,3 тэрбум төгрөг төсөвт орж ирнэ гэсэн тооцоо хийжээ.
Энэ хөнгөлөлтийг 2007 онд 3, 2008 онд 13, 2009 онд 20 орчим аж ахуй нэгж эдэлж байгаа юм байна. Хуулийн хэлэлцэх үеэр УИХ-ын дарга асан Ц.Нямдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нар ч хоорондоо “тар тур” хийгээд амжсан юм.