УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Дунд голын эхэнд барьж буй барилгыг зогсоох ёстой
УИХ-ын гишүүн Г.Дамдинням,
"Улаанбаатар хотын иргэдийн ундны усны эх үүсвэр- Дунд голын эх дээр барилга барьж байгаа асуудалтай бид эвлэрч болохгүй. 2016 онд Туул голын усны эх бүхий газруудыг онцгой хамгаалалтад авсан. Ийм бүсэд ямар нэгэн байдлаар барилга, байгууламж барихыг хориглодог хуультай.
2022 оны 7-р сард Туул голын сав газрын захиргаа энэ газар олголтыг хууль зөрчсөн гээд АТГ-т шалгуулахаар гомдол гаргасан байдаг. Түүнчлэн 2020 оноос нийслэлд ундны усны хомсдол үүссэнийг олон судалгааны байгууллагын дүн, мэдээнээс харж болно. Ийм байтал харсаар байж цэвэр усныхаа ундаргыг сүйтгэж, хууль бусаар барилга байшин бариулж байгаатай хэрхэвч эвлэрч болохгүй. Монгол Улсад хууль дүрэм гэж байдаг бол хууль бус энэ барилгын ажлыг зогсоох хэрэгтэй. БОАЖЯ, хууль хяналтын байгууллагууд энэ асуудалд онцгой анхаарч, нийслэлчүүдийн ундны усныхаа төлөө зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж байна" гэв.