2022.09.12
НҮБ-ын 23 байгууллага Монгол улсын тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллана
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл Нэгдсэн Үндэстний байгууллагын Монгол Улс дахь суурин зохицуулагч ноён Тапан Мишратай ажил хэргийн уулзалт хийлээ.
Сайд, Монгол Улсын Засгийн газар болон Нэгдсэн Үндэстний Байгууллага хоорондын ирэх 5 жилийн хамтын ажиллагааны ерөнхий цар хүрээг тодорхойлох “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027”-ийн төлөвлөлтийг хийж байгаа үед уулзаж байгаа нь цаг үеэ олсон болохыг онцлоод, НҮБ бүхий л салбарт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ.
Тэрээр, Тогтвортой хөгжлийн зорилт, Алсын хараа-2050 зэрэг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд салбар бүрийн оролцоо хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон.
Өрхийн амьжиргааг зурагт хөргөгчөөр хэмжихгүй, орлого багатай өрхөд чиглэсэн төсөл хэрэгжүүлж ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, малчдад боломжоо ашиглан бизнес эрхлэх нөхцөл бүрдүүлэх, жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг илүү үр дүнтэй зохион байгуулах ажлыг Нэгдсэн Үндэстний байгууллагатай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа дуулгаж дээрх асуудлаар талууд санал солилцсон юм.
Ноён Тапан Мишра, “Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх маш их нөөц боломжтой гэж үзэж байна. Нэгдсэн Үндэсний Байгууллага, түүний салбар байгууллагууд тус тусдаа биш хамтран ажиллаж эхэлсэн.