С.Бямбацогт: "Асуудлын ард шийдэл бий" гэдэг зарчмаар хандаж жолооч, тээвэрчдийнхээ эрх ашгийн талд хатуу зогсох болно
2022.09.12

С.Бямбацогт: "Асуудлын ард шийдэл бий" гэдэг зарчмаар хандаж жолооч, тээвэрчдийнхээ эрх ашгийн талд хатуу зогсох болно

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тээвэрчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Тэрээр:

Өнөөдөр үнэндээ улсын эдийн засаг халуунд халж хүйтэнд хөрөн зүтгэсэн хэдэн бор жолооч нарынхаа нуруун дээр тогтож байна. Эдийн засгийг тэтгэх экспортын цусны эргэлтийн үүрэг гүйцэтгэж буй жолооч тээвэрчдээ хайрлаж, тэдэндээ хүн ёсоор хандах нь төрийн ч, тээврийн компаниудын ч үүрэг.

  • Эн тэргүүнд мэргэшсэн жолоочийн шалгалт өгөх, үнэмлэхээ сунгуулахын тулд заавал УБ явж зардал чирэгдэл гардаг асуудлыг хална.
  • Нүүрс, баяжмал тээвэрлэдэг машинуудын оношилгоог газар дээр нь зохион байгуулж хэвшүүлнэ.
  • Цагаан хаданд жолооч тээвэрчид, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлэг байгуулна.
  • С зөвшөөрлөөр далимдуулж  авлига, ашиг сонирхлын зөрчил гаргадаг албан тушаалтнуудыг төрийн албанаас зайлуулна
  • Хөдөлмөрийн гэрээгээ зөрчиж жолооч нарынхаа эрх ашгийг уландаа гишгэдэг увайгүй компаниудын тээвэр хийх эрхтэй нь ярина.
  • Нүүрс тээврийн хуваарийг оновчтой, ил тод зохион байгуулахад анхаарна.
  • Автомашин эзэмшигчийн бүртгэл болон бусад үйлчилгээг бүрэн цахимжуулж яаралтай ажил хэрэг болгоно" гэлээ.