Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвшигчдийн нээлттэй сонсгол болно
Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын даргын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/24 дүгээр тушаалаар байгуулагдсан Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсэг есүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, нэр дэвших тухай хүсэлтээ илэрхийлсэн оролцогчдыг бүртгэх, эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ.
Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг нийт 5 иргэн ирүүлснээс холбогдох хуульд заасан болзол шаардлагыг Д.Сарантуяа, Ц.Отгонтунгалаг, Ч.Ундрах нар хангасан гэж үзэн сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн юм.
2022.09.12-ний өдрийн ажлын хэсгийн гишүүдийн ээлжит хуралдаан болж нэр дэвшигчдийг тохиолдлын журмаар тэнцвэртэй хуваарилж, нээлттэй сонсгол зохион байгуулах хугацааг товлолоо.
Хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, ажлын хэсгийн гишүүн, Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга Т.Сосорбарам, ажлын хэсгийн гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, ажлын хэсгийн гишүүн, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа болон цахимаар ажлын хэсгийн гишүүн Жендэрийн үндэсний хорооны Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэг нар оролцов.