"Дүүжин тээврээр нүүрс зөөж хил гаргах саналыг ЗГ-т танилцуулна"
Засгийн газраас "Шинэ сэргэлтийн бодлого"-доо боомтын сэргэлтийг тун ч чухалчилж буй. Манайд боомт байхгүй биш бий. Монгол Улс нийт 42 боомттой. ОХУ-тай 29, БНХАУ-тай 13 боомтоор хиллэдэг. Агаарын тээврийн 4 боомттой. Одоогийн байдлаар авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт холбогдож, үйл ажиллагаа явуулж байна.
Гэсэн ч боомтын логистикийн хүчин чадлын индексээр дэлхийн 160 улсаас 130-т орж байгаа нь туйлын харамсалтай үзүүлэлт гэдгийг Ерөнхий сайд дурдаж байв. Тиймээс боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар холбож цоо шинэ шатанд гаргана гэсэн. Ингээд боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх Ажлын хэсгийг өнгөрөгч дөрөвдүгээр сард байгуулж, ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилсон.
Харин өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Хилийн боомтын сэргэлтийн үндэсний хороог шинээр зохион байгуулжээ. Энэ хороо нь 10 гишүүнтэй, ажлын алба нь таван орон тоотой байх бол тус хороог Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ахална.
Шинэ хороо анх удаа хуралдсаны дараа өнгөрсөн таван сарын турш боомт сэргээх ажлын албыг ахалсан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ажлаа дөнгөж хүлээн авсан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар орон нутагт томилолтоор ажиллав. Тэд Дорнод аймгийн Эрээнцав, Хавиргын боомтод ажиллах үеэр цаашид боомтуудыг хэрхэн сэргээхээр төлөвлөж буй талаар ийн ярилаа.
"БНХАУ-ААС 5G ТЕХНОЛОГИ АШИГЛАН ЖОЛООЧГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР НҮҮРС ЗӨӨХ САНАЛ ТАВЬСАН"
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-УИХ-аас өнгөрсөн оны 12 дугаар сард шинэ сэргэлтийн бодлогыг баталсан. Энэ бодлогын нэн тэргүүнд боомтын сэргэлт байх ёстой гэж үзсэн юм. Учир нь ДНБ-ээ өсгөх, эдийн засгаа тэлэхийн тулд боомтын сэргэлт хийхээс өөр гарцгүй гэж бид өвчнөө оношилсон. Боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг хүний оролцоогүйгээр 24 цагийн турш нэвтрүүлдэг шинэ төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлэх зэрэг олон зүйлийг тусгасан.
Төлөвлөлт гэхээр буруу ойлгоод байна. Ачаатай тээврийн хэрэгсэл орж ирээд жинлүүлээд гарч буйг л төлөвлөлт гээд байгаа. Гэтэл бүх боомтоо хатуу хучилттай автозамаар холбох ёстой. Боломжтой бол төмөр замаар холбох нь зүйтэй. Эрчим хүчний найдвартай, тасралтгүй ажиллагааг хангаж, шаардлагатай гэж үзвэл ирээдүйд том суурин үүсэх газарт дулааны болон цэвэрлэх байгууламжийн техникийн шийдлийг бий болгох хэрэгтэй. Бараа, бүтээгдэхүүнийг шилжүүлэн ачих терминал байгуулах ч шаардлагатай.
Гэтэл боомт орчмыг улсын хилийн хамгаалалтын зурвас гээд 15 км дотор аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарлаж, хорьсон байдаг. Үүнд өөрчлөлт оруулж хувийн хэвшлийнхэнд үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгож өгөх хэрэгтэй гэж үзэж байна.
Бид хуурай газрын бүх боомтод очиж ерөнхий төлөвлөгөөг нь тодотгоно. Ингээд боомт орчмын улсын хамгаалалтын зурвасаас хэчнээн га газрыг чөлөөлж нээлттэй дуудлага худалдаа зарлан сонирхогч ААН-үүдэд газрыг ашиглуулах вэ гэдэг санал, дүгнэлтийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар ажиллаж байна.
Хуурай замын боомтод Монгол улс анх удаа жолоочгүй чингэлэг тээврийг эхлүүлж байгаа.
Жишээлбэл, нүүрс ачиж буулгах терминал байж болно. Байгалийн хадлан хурааж байгаад төмөр зам эсхүл автозамаар гаргаж Боршоо боомтоор дамжуулж Манжуур руу экспортлох боломжтой. Энэ мэтчилэн бүх боомт тэргүүлэх чиглэлээ тодорхойлох нь зөв. Бидний өнөөдөр ирээд буй Эрээнцавын боомт бол Зүүн бүсийн нефтийн тэргүүлэх чиглэлийнх. Мөн манай улсын төмөр замын гурав дахь гарц шүү дээ. Тэгэхээр бид энэ мэт онцлогийг харж төлөвлөлтүүдээ хийх ёстой.
Мөн саяхан Гашуунсухайт боомт дээр АGV буюу хүний оролцоогүй, автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг нээх шийдвэр гарсан. Туршилт хийгээд 4-5 сар боллоо. Энэ хугацаанд хоногт 120 чингэлэг нүүрсийг хүний оролцоогүйгээр тээвэрлэж байлаа. Үүнийг цаашид 24 цаг болгох боломжтой. Ингэснээр нүүрс ачсан автомашин Гашуунсухайт дээр 120 км дугаарлаж, зогсдог гэдэг асуудал ард үлдэнэ. Хуурай замын боомтод Монгол улс анх удаа жолоочгүй чингэлэг тээврийг эхлүүлж байгаа гэдгээр онцлогтой.
БНХАУ-ын тал болон бусад хөрөнгө оруулагчид 5G технологийг ашиглан жолоочгүй тээврийн хэрэгслүүдийг явуулах саналыг бусад боомтод тавьж байна. Бүр шинэ зүйл нь хүн, тээврийн хэрэгсэл хил давдаг биш дүүжин тээврийг ч бараа солилцоонд хэрэглэх боломж байна. Саяхан уул уурхайн нэг компани нүүрсээ хил гаргахын тулд 140 тэрбум төгрөгөөр 80 км газарт зам тавьж, гүүр бариад эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэх тээвэрлэлтийг сонгожээ. Гэтэл хил дээгүүр 5-хан км-т дүүжин тээврийг ашиглаад нүүрс болон бараагаа айлд хүргэх хэмнэлттэй, өрсөлдөх чадвар нэмэгдэх боломж байна. Энэ мэт саналыг боловсруулж Засгийн газарт танилцуулна.
Бид уламжлалт сэтгэлгээнээс салмаар байна. Зөвхөн төрийн байгууллага байвал түүнийг төлөвлөлт гэдэг. Цаашид мөнгө олъё гэвэл мөнгө олдог зүйлдээ төсвөө хуваарилах хэрэгтэй.
"МАНАЙХ ХАДЛАН ЭКСПОРТЛОХ, ОХУ ГУАЛИН МОД ИМПОРТЛОХ СОНИРХОЛТОЙ БАЙНА"
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
"Монгол Улс боомтуудын нэвтрүүлэх чадвараа нэмэгдүүлэх онцгой чухал үүрэгтэй гэдгийг цар тахал, Орос Украины асуудал харуулж байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 42 хилийн боомт үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ байнгын болон түр, хаагдсан гээд хэлбэр нь олон янз байна. Энэ 42 боомтыг хэрхэн, яаж эргэлтэд оруулах вэ гэдэгт төвлөрч ажиллаж байгаа.
Энэ удаагийн томилолтоор Эрээнцав, Хавиргын боомттой танилцаж, ойрын жилүүдэд хэрхэн сэргээж болох вэ, экспортод чиглэсэн бараа, бүтээгдэхүүн гаргах нөхцөл, боломж ямар байна вэ гэдгийг харж байна.
Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн зэрэг боомт улсын эдийн засагт шууд нөлөө үзүүлж байна. Баруун талд Хөшөөтийн уурхайн нүүрсийг ахуй хэмжээгээр гаргаж буй Булганы боомт гэж бий. Эдгээр боомтын нэвтрэх чадварыг сайжруулах эдийн засагт үзүүлэх нөлөөллийг богино хугацаанд нэмэх асуудлыг Засгийн газар анхааралдаа авна. Үүний араас эдийн засагт нэмэр үзүүлэх Эрээнцав, Хавирга, Баянхошуу зэрэг боомтын сэргэлт.
Мөн Зүүн болон баруун босоо тэнхлэгийн төмөр замын асуудал зэрэгцээд орж ирж байгаа. Тэгэхээр Засгийн газрын зүгээс Дорнод аймгийг тойрон байрладаг ОХУ-тай хиллэж буй хоёр, БНХАУ-тай хиллэж байгаа гурван боомтыг ойрын үед сэргээж, эрчимжүүлэхийг зорьж байна. Нэг ёсондоо бид далайд гарцгүй улс хэдий ч хуурай замын боомтын төрлийг олон болгож, нэвтрэх чадварыг нэмэгдүүлж эдийн засагт ихээхэн хэмжээний нөлөөлөл үзүүлдэг болгох зорилготой.
Монгол Улсын хувьд өнгөрсөн цаг хугацаанд хамгийн их анхаарал тавих ёстой салбар боомт байжээ.
Эрээнцавын боомтоор өнөөдөр уул уурхайн 2-3 төрлийн бүтээгдэхүүн экспортолж байна. Үүний араас хадлан тэжээлийг экспортод гаргах боломж байгаа гэдгийг нутгийн удирдлагууд хэлж байна. Учир нь Дорнод аймагтай хиллэж байгаа ОХУ, БНХАУ-ын тосгодод мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг бий. Тэгэхээр бид ихээхэн хэмжээний байгалийн хадлан тэжээл бэлтгэх, өвс ургамал хурааж экспортод гаргах бизнесийг энд хөгжүүлэх бүрэн боломжтой. Мөн хилийн ойролцоо нүүрсний томоохон ордууд олон бий.
ОХУ-аас манайд гуалин мод нийлүүлэх сонирхол өндөр. Дан ганц манайх гэлтгүй БНХАУ-ын зах зээлд дамжуулан нийлүүлэхийг хүсдэг юм байна. Тэгэхээр Эрээнцав, Бичигтийн боомтыг өргөн хүрээний экспорт, импорт явуулах боломжтой гэж судалсан.
Далайд гарцгүй Монгол Улсын хувьд өнгөрсөн цаг хугацаанд хамгийн их анхаарал тавих ёстой салбар боомт байжээ гэдгийг маш олон саад, бэрхшээлийн ард гараад ойлгож байна. Тэгэхээр ирэх жилүүдэд боомтуудыг сэргээнэ. Төрийн бодлого боомтуудыг авто болон төмөр замаар нийтийн сүлжээнд холбох ажлыг бодлогоор хийнэ гэсэн үг. Энэ ажлыг ойрын зорилго мэт харж болохгүй. 5-10 жилийн хугацаанд 42 боомт эргэлтэд орох нь чухал.
“Хилийн боомт болон Монгол-Орос улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 1994 оны хэлэлцээр”-ийн дагуу Монгол, Оросын хилд авто замын 14, төмөр замын 2, нийт 16 боомт ажиллахаас 10 боомт ажиллаж, дэд бүтэц хөгжөөгүй, бүтээн байгуулалт хийгдээгүйн улмаас 6 боомт ажиллахгүй байна.
Харин “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”ийн дагуу Монгол, Хятадын хилд авто замын 13, төмөр замын 4, нийт 17 боомт ажиллахаас 13 боомт ажиллаж, 4 боомт шинээр нээхээр тусгасан. Эдгээр нь төмөр замын Бичигт-Зүүн хатавч, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, авто замын Цагаандэл-Уул-Өлзий.
Монгол Улс 42 боомттой ч эдийн засагт үр нөлөө үзүүлдэггүй, "амь"-тай төдийхөн буй нь олон аж. Зарим нь дэд бүтэц хөгжөөгүй тул боомт нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг ганц нэгхэн байшинтай. Хэсэг нь хаагдсан. Бусад нь байж байхад бараа нь хаачих вэ гэгчээр нэр төдийхөн, хэн ч зорьж очиж орж, гардаггүй эл хуль.
Тухайлбал, Сүмбэр авто замын боомт Дорнод аймгийн Халхгол сумын нутагт байрладаг. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Харчин баруун гарын хошуунд байрладаг Рашаан боомттой хиллэдэг.
Энэ нь олон улсын зэрэглэлтэй, түр горимтой боомт. Тиймээс жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 30-ны өдрүүдэд ажиллана. Дорнод аймаг дахь гаалийн газраас энэ боомтыг хүний хөл сийрэг, хөл хөдөлгөөн багатай, цаашид үйл ажиллагаа тасралтгүй явуулах боломж тааруу, дэд бүтэцгүй, хэт алслагдмал гэдгийг онцлов.