Хүний эрх хамгаалагчдад “Хүний эрхийн Олон Улсын Үйлчилгээ” байгууллагаас чадавхжуулах сургалт орж байна
УИХ-ын 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн чуулганы хуралдаанаар батлагдсан Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тус хууль батлагдсанаар Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн Комиссын гишүүн томилогдож, хүний эрх хамгаалагчийн механизмыг цогцоор хэрэгжүүлэх үндсэн суурь бүрдсэн.
Хуулийн төслийн судалгаа, боловсруулахад мэргэжлийн туслалцаа үзүүлж ажилласан “Хүний эрхийн Олон Улсын Үйлчилгээ” байгууллагын Нью Йорк хот дахь албаны захирал Тесс МакЭвой, хөтөлбөрийн менежер Аделайде Луйза Макэвой нар хууль хүчний байгууллагын алба хаагч болон хүний эрх хамгаалагч, сэтгүүлчдэд сургалт орж байна.
2022 оны 09 дүгээр сарын 28-наас 29-ний хооронд үргэлжлэх уг сургалт нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх чадамжийг бий болгох, энэ талаарх олон улсын стандартыг хэрэгжүүлэх, хуулийг сурталчлахад дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллахад чиглэгдэж буй юм.
Сургалтын нээж “Хүний эрхийн Олон Улсын Үйлчилгээ” байгууллагын Нью Йорк хот дахь албаны захирал Тесс МакЭвой “Хүний эрх хамгаалагчийн эрхийг төр хууль, журмаараа зохицуулж хамгаалах үүрэгтэй. Хэрвээ хууль хоорондын уялдаагүй байдал, давхардлаас болж хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдөх эрсдэлтэй бол үнэлгээ хийж, засч сайжруулахад анхаарах ёстой. Тэгж байж хууль хүчний байгууллагын алба хаагчид хүний эрх хамгаалагчийг хамгаалж, хамтарч ажиллах боломжтой болно” гэлээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn