Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ахмадын баярыг тохиолдуулан зам, тээврийн салбарт ажиллаж байсан үе үеийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.
Тэрбээр “Зам, тээврийн хөгжлийн салбарт өдгөө 46 мянга гаруй хүн ажиллаж, 1.3 их наяд төгрөгийн борлуулалт хийдэг. Сайдаар ажиллаад өнөөгийн нөхцөл байдлаа дүгнэж, салбарын тулгамдсан асуудал, цаашдын төлөвлөгөө, бодлого, зорилтоо тодорхойллоо. Цаашид нэр төртэй ажиллаж, хичээж, хэрэгжүүлж, бодитой үр дүн гаргахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллана.
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод манай салбарын олон зорилт туссан. Хилийн боомт, аймаг, сумдыг хатуу хучилттай авто замаар холбох, төмөр замын бүтээн байгуулалтууд, агаарын тээврийн либералчлал гэх мэт олон зорилтыг анхаарч ажиллах ёстой. Өчигдөр Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК-ийн төлөөлөлтэй уулзаж, олон чиглэлд шууд нислэгийг хямд үнээр иргэддээ үзүүлэх боломжийн талаар санал бодлоо солилцсон.
Өмнө нь бид Улаанбаатар төмөр зам ХНН гэсэн ганцхан төмөр замтай байсан бол түүхэнд байгаагүй бүтээн байгуулалтуудыг барьж, ашиглалтад оруулж байна. Саяхан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулсан бол Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам тун удахгүй ашиглалтад орохоор байна. Ирэх жил зүүн босоо буюу Чойбалсан-Хөөт-Бичигт, баруун босоо буюу Арцсуурь-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийхээр байна. Аймаг сум, хилийн боомтыг холбох 800 км орчим замыг барьж байгуулахаар төлөвлөж байгаа.
Ингээд ярихад төмөр зам, авто зам, автотээвэр, агаарын тээврийн салбар Монгол Улсын хөгжлийн гол судас нь болж байгаа юм. Энэ салбарыг хөгжүүлэхэд ахмадууд та бүхнийхээ зөвлөгөөг сонсон ажиллана. Залуу насаа энэхүү салбарын хөгжилд зориулж, хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэндээ талархаж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.