“Шүүхэд хандах эрх, хяналтын шатны шүүхийн чиг үүрэг, эрх хэмжээ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо
2022.10.07

“Шүүхэд хандах эрх, хяналтын шатны шүүхийн чиг үүрэг, эрх хэмжээ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зохион байгуулж буй “Шүүхэд хандах эрх, хяналтын шатны шүүхийн чиг үүрэг, эрх хэмжээ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцож мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.

1992 онд баталсан Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуульд хүний жам ёсны эрхийг тэргүүн зэрэгт тавьж, хараат бус бие даасан шүүхийн тогтолцооны суурь зарчмуудыг тодорхойлсон бол 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг улам бататган зохицуулсан билээ.

Үндсэн хуулийн үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлэх хамгийн чухал хууль бол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Хууль баталж тухайн харилцааны эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь чухал хэдий ч түүнээс дутахгүй асуудал бол хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангах явдал юм.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг батлахад баримталсан үзэл баримтлал, бодлогын шинэтгэлийн чухал өөрчлөлтийн нэг нь Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнг Улсын дээд шүүхийн дэргэд байгуулах асуудал байсан.

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн нь шүүхийн хэрэгцээ, судалгаанд тулгуурлан сургалт зохион байгуулах, шүүн таслах ажиллагааг судалгаа, мэдээллээр хангах, Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад шаардагдах судалгаа хийх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэх, олон нийтэд мэдээлэх гэсэн амин чухал үүргийг гүйцэтгэнэ.

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн байгуулагдаад нэг жил болж байгаа хэдий ч Дэлхийн шүүхийн сургалтын хүрээлэнгүүдийн холбооны гишүүнээр элсэж, өнөөдрийн Олон улсын хурлыг зохион байгуулж чамлахааргүй амжилттай ажиллаж байгаад талархал илэрхийлж, эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаа гадаад, дотоодын төлөөлөгчдөд ажлын амжилт хүслээ.