Эрүүл мэндийн сайдыг огцруулахыг шаардлаа
2022.10.13

Эрүүл мэндийн сайдыг огцруулахыг шаардлаа

Өнөөдөр МҮЭХ Монголын эрүүл мэндийн ажилтын үйлчдвэрчний эвлэлийн холбоо, “Өргөө” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ҮЭХ-оос хамтран мэдээлэл өглөө.

Эмч ажилтнуудад ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг удирдлагуудад хариуцлага тооцож чадахгүй байгаа Эрүүл мэндийн сайдыг огцруулахыг тэдний зүгээс шаардсан юм. Тодруулбал Эрүүл мэндийн сайдын эрхлэх хүрээнд “Өргөө” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт харьяалагддаг. Тус эмнэлгийн эмч, ажилтан ҮЭ-ийн гишүүдээс ажлын байрны дарамт, шахалттай холбоотой олон гомдол, өргөдөл иржээ. Мөн удирдлагын хууль бус үйл ажиллагаанаас болж ажлын байрны баталгаа, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж 2021 он, 2022 оны эхний хагас жилийн байдлаар нийт 487 ажилтнаас 138 хүн ажлаасаа гарсан байна. Эдгээр хүмүүсээс 82 нь ажлын байрны дарамтаас болж өөрийн хүсэлтээр өргөдлөө өгчээ.

Ажлын байрны дарамтад өртөж ажлаас халагдах, хөдөлмөрлөх эрх нь ноцтой зөрчигдөх асуудал ихэссэн. Үүнээс болж ажилчид ажлаас халшрах хам шинжтэй болж өөрийн хүсэлтээр ажлаасаа гарах нь өмнөхөөсөө их байгаа аж. Энэ асуудлаар МҮЭХ үйлдвэрчний эвлэлийн гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хамгаалахаар салбарын төрийн захиргааны байгууллага, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдад үүсэж буй нөхцөл байдалд анхаарал хандуулж, холбогдох хүмүүст арга хэмжээ авч, хариуцлага тооцох талаар 8-дугаар сарын 24-ний өдөр хандахад өнөөдрийг хүртэл албан ёсны хариу өгөөгүй байна.

Эмч ажилтнуудаас ирсэн өргөдөл гомдлын дагуу “Өргөө” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн даргын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хяналтын хороо хяналт, шалгалт хийжээ. Ингээд “Төрийн захиргааны болон албан хаагчийн ёс зүйн дүрэм батлах тухай” Засгийн газрын 2019 оны 33-дугаар тогтоолын 6 заалт, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тушаал “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийн 6 заалтыг тус тус зөрчсөн гэх 08-дугаар сарын 11-ний өдрийн 8/3620 тоот дүгнэлтийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитаас гаргажээ.

“Өргөө” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн удирдлагын хууль бус үйлдлүүд нь удаа дараа нотлогдож эмч, ажилтнуудын хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байхад арга хэмжээ авахгүй байгаа нь Эрүүл мэндийн сайд Эрүүл мэндийн тухай хууль болон Засгийн газрын тухай хуулиудад заасан эрх мэдлээ хэрэгжүүлж, ажлаа хийж чадахгүй байна гэж ҮЭ-ийн байгууллагаас үзэж байгаа аж.

Иймд Эрүүл мэндийн сайдыг огцруулахыг шаардаж, хэрэв тавьсан шаардлагыг шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн арга хэмжээг авч ажиллахаа мэдэгдлээ.