Н.Ууганбаяр:

Хурдтай цахим шилжилт, бүтээмжийг дагуулна


5 минут уншина
Ярилцсан Ц.Соёлмаа:
Н.Ууганбаяр: Хурдтай цахим шилжилт, бүтээмжийг дагуулна

Гадаадын иргэн, харьяатын газар нь төрийн албаны бүтээмжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр үр дүнтэй ажиллаж, Төрийн албаны зөвлөлөөс “Бүтээмжит төрийн байгууллага”-аар шалгарсан юм. Энэ удаагийн “Vip зочин” буландаа тус газрын дарга Н.Ууганбаярыг урьж, ГИХГ-ын цахим шилжилтийн үйл явц, үр дүн, хэтийн зорилгын талаар ярилцлаа.

Монгол Улсад цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд шилжих ажилд үр дүнтэй үргэлжилж байна. Энэ хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газар ямар үйлчилгээгээ цахимжуулсан бэ? 

Монгол Улсад ирсэн гадаадын иргэд хамгийн түрүүнд Гадаадын иргэн, харьяатын газар ханддаг бөгөөд манай байгууллага нь гадаадын иргэнд Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл олгох, иргэний харьяалал, гадаад үрчлэл болон гадаадын иргэний хяналт шалгалт, зөрчил шалган шийдвэрлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Бид “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод, үр нөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлэх ажлын хүрээнд цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд шилжих ажлыг үр дүнтэй санаачлан хэрэгжүүлж байна. Бид иргэдэд нийт 30 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлдгээс, 15 төрлийн үйлчилгээ бүрэн цахимжиж, нийт 38 мянга гаруй иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлжээ.

Ингэснээр иргэд үйлчилгээ авахын тулд хамгийн багадаа 6-7 удаа өөрийн биеэр ГИХГ-т  ирдэг байсныг халж, иргэдийн цаг хугацаа, санхүүгийн зардлыг бодитойгоор хэмнэх боломжийг бүрдүүллээ. Түүнчлэн төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, олон улсын жишигт дүйцсэн чанартай ажил, үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, шуурхай хүргэхийг зорьж байна.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр:

Ийнхүү төрийн албаны бүтээмжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр сүүлийн 3 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг маань үнэлж, Төрийн албаны зөвлөлөөс манай байгууллагыг “Бүтээмжит төрийн байгууллага”-аар шалгаруулсан. Энэ нь манай хамт олонд маш том урам байлаа.

Саяхан л виз хэвлэмэл хуудас байсан бол өнгөрсөн жилээс эхлэн, манай улс цахим визтэй боллоо. Жилийн хугацаанд ямар үр дүн гарч байна вэ?

Бид 2021 оноос эхлэн цахим визийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар Европын холбооны болон Азийн 36 улсын иргэн, долоо хоногийн 24 цагийн турш цахимаар виз захиалан авах боломжтой болсон. Визийг 48 цагийн дотор олгох журамтай ч бид таван минут, 1 цагийн дараа гэх мэт харилцан адилгүй хугацаанд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж, виз олгодог. Хэдийгээр бичиг баримт дутуу үед визийг татгалзах эрх журмаар байдаг ч, иргэдийнхээ талд түлхүү анхаарч, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн шинэ ЦОНХ нээж ажиллуулж байна. Цахим виз авсан иргэд ч үүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. 

Өмнө нь Монгол Улсын Элчин сайдын яам байдаггүй улсаас ирэх гадаадын иргэд  манай улс руу зорчих виз мэдүүлэхийн тулд Монгол Улсын Дипломат Төлөөлөгчийн газарт очих, цаг авах, дараалал хүлээх зэргээр хугацаа их алддаг байсан. Харин одоо гэртээ сууж байгаад, цахимаар визээ авч, тийзээ захиалаад ирдэг боллоо. Цахим визийг олгохдоо Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран ажиллаж, үр дүнд хүрсэн. Цаашдаа цахим виз мэдүүлж байгаа иргэдийн тоог өсгөж, эдийн засгаа тэлэхэд анхаарч ажиллана.

 Гадаадын 36 улсын иргэн цахимаар виз авах боломжтой 

  • Цахим визийг 2021.10.01-ний өдрөөс олгож эхэллээ
  • 36 улсын 6725 иргэнд цахим виз олгосон

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар манай улсын визний ангилал нэмэгдсэн. Энэ нь гадаад улсын иргэд виз мэдүүлэхэд, илүү тодорхой болсон байх?

Виз бол Монгол Улсын хилээр нэвтрэх эрх.  Харин оршин суух гэдэг нь манай улсад удаан хугацаагаар байх зөвшөөрөл гэсэн үг. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 10 бүлэг, 64 ангиллын визтэй болсон. Оршин суух төрлийн ангилал 9 бүлэг 56 төрөл болж нэмэгдсэнээр секторыг илүү тодорхой задалж өгсөн.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын журмаар асуудлыг тухайн үед нь шийдээд явах боломжтой, уян хатан нөхцөлтэй болсон. Ийнхүү визний ангилал нэмэгдэж, илүү тодорхой болсон нь гадны иргэд манай улсад ажиллаж, амьдрахад таатай нөхцөлийг бүрдүүлсэн юм.

Бид гадаад улсын иргэдэд хүндэтгэлтэй хандах ёстой 

Иргэдийн дунд манай улсад гадны иргэд бүртгэлгүй, хяналтгүй олноороо амьдардаг гэсэн буруу ойлголт байдаг. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно гэж заасан. Үүний дагуу тооцож үзвэл манай улсад 100 мянга орчим гадаадын иргэн оршин суух боломжтой ч дунджаар байнга буюу жилийн дөрвөн улиралд 17-18 мянган иргэд удаан хугацаагаар оршин суудаг. Эдгээр иргэд манай улсын хууль тогтоомжийг сайн сахьдаг.

Харин монголчууд маань гаднаас зочин урихдаа өөрийнхөө улсын хууль, журмыг сайтар судлах хэрэгтэй. Хэрвээ та, гадаад улсаас хэн нэгнийг урих гэж байгаа бол 14 хоногийн өмнө манай байгууллагад хүсэлт гаргах ёстой. Гэтэл манайхан гаднаас зочин урихдаа цагийн тулгаж, таньдаг хүнээр асуудлыг шийдүүлнэ гэсэн хандлагаар асуудал үүсгэх тохиолдол цөөнгүй гардаг. Мэдээж бид иргэдийн талд үйлчлэх хараатай ч, дүрэм журмаа баримталж үйлчилнэ. 

Түүнчлэн гадаад улсын иргэд мэдээлэл авч чадахгүй шалтгааны улмаас, хэн нэгнээр зуучлуулж, цаг алдаж, хөрөнгө мөнгөөрөө хохирдог байсан, эрсдэлээс хамгаалах зорилгоор 2020 оноос эхлэн байгууллагынхаа вэб сайт, болон андройд, iphone гар утасны аппликейшнуудыг Англи, Солонгос, Хятад, Орос, Монгол хэлний сонголттой хөгжүүлж, иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэж эхэлсэн. 

Гадаадын иргэн, харьяатын газар үйлчлүүлэгчдийнхээ санал, шүүмжийг хэрхэн сонсож, үйлчилгээгээ чанаржуулах тал дээр анхаарч ажиллаж байна?

Бид үйлчилгээний байгууллагын ажилтан үйлчлүүлэгчидтэйгээ хэрхэн харьцдаг, энэ жишгээр үйлчлүүлэгч нартаа хандах зорилт тавьж ажиллаж байгаагийн үр дүнд гомдол санал  харьцангуй багассан. Цөөн тооны иргэдээс ирсэн санал, шүүмжийг сонсож, цаг тухайд нь засаж, сайжруулаад явдаг. Манай зохион байгуулалтын нэгжийн дарга нар зарим санал, гомдол гаргасан үйлчлүүлэгчтэйгээ, өөрсдөө ярьж, асуудлыг нь шийдвэрлэдэг сайн жишиг тогтоолоо.

Түүнчлэн, Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад суугаа 28 улсын Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцсон, “Шинэ сэргэлтийн бодлого ба эрх зүйн орчны танилцуулга” уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан. Энэ үеэр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагаа, шинээр нэвтэрсэн үйлчилгээгээ таниулах, мэдээ мэдээллийг хүргэж, тэдний санал, хүсэлтийг сонсож, үйлчилгээндээ нэвтрүүлж ажиллалаа.

Цаашдаа цахим үйлчилгээгээ илүү төгөлдөршүүлэхийн тулд, ямар алсын хараатай, ажиллаж байна вэ?

Бид үйл ажиллагаагаа 100 хувь цахимжуулж, хүний эрх, үндэсний эрх ашгийг дээдэлж, олон улсын жишигт нийцсэн, нээлттэй, цахим дэвшилтэт технологи бүхий хариуцлагатай төрийн үйлчилгээг явуулдаг, төрийн алба болох алсын хараатай.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр:

Мөн Гадаадын иргэн, харьяатын газрын эрх зүйн шинэтгэлийг нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эрчимжүүлэх, технологийн дэвшилд тулгуурласан үйл ажиллагааны дэд бүтцийг бий болгох, инновацид суурилсан цахим шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаадын ижил чиг үүргийн байгууллагын хөгжлийн дэвшлийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, шинэчлэлд нийцсэн, тогтвортой, чадварлаг, хариуцлагатай хүний нөөцийг бүрдүүлэх, эрхлэх асуудлын хүрээнд эдийн засаг, санхүүгийн чадавхыг бэхжүүлэх, өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Цаашдаа манай байгууллага зөвхөн даргын үгээр биш, үйл ажиллагааг нь байгууллагынх нь соёл авч явдаг, үйлчилгээ нь дэвшилтэт технологи бүхий цахимаар шийдэгддэг, хариуцлагатай төрийн алба болох ёстой. Үүнд хүрэхийн тулд манай хамт олон өнөөдрөөс хичээж ажиллаж байгаа юм.