2022.10.20

Ц.Даваасүрэн: Хөгжлийн банкыг үе үеийн улс төрчид дампууруулсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.10.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Үндсэн хуулийн цэцийн хууль зөрчсөн шийдвэр гаргасан гишүүдийг үндсэн хуулийн заалтын дагуу буцаан татах саналыг Их хуралд тавьсан. УИХ-ын гишүүний хувьд Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан. Энэ хоёр асуудлыг Байнгын хороо, Их хурлаар хэлэлцэх ёстой. Улсын их хурлын дарга маань өөрөө үүнийг дараад суучихсан. Цэцийн гишүүн байсан ч үндсэн хууль зөрчдөг байж болохгүй. Үндсэн хууль зөрчсөн асуудлыг УИХ шийдэх ёстой. Хуулийн ямар нэг зөрчил байгаа бол хуулийг нь өөрчилж байгаад шийдэх эрх УИХ-д бий. Үндсэн хуульд халдсан хүмүүсийг төрөөс цэвэрлэдэг байх ёстой. Энийг дарж сууж болохгүй, би байнга хэлнэ.

Хэлэлцүүлгийн явцаас төсөв дагаж орж ирсэн Хөгжлийн банкны дахин санхүүжилтийн бонд гаргах тогтоолыг хасах хэрэгтэй. Хөгжлийн банкыг үе үеийн улс төрчид дампууруулсан. АН-ын үед Худалдаа хөгжлийн банктай нийлж байхгүй болгосон. Манай үед 2017 онд Сангийн сайд Б.Жавхлан 11 гишүүнтэй хамт жижиглэн мөлжих хуулийн төслийг Хөгжлийн банкны хуульд оруулсан. Ингээд дарга, сайд нар сонгуулийнхаа менежментийг тавьж эхэлсэн. ТУЗ-ын дарга, зээлийн захирал, зээлийн хэлтсийн захирал. Ч.Мөнхбаяр гээд Жавхлангийн их сургуулийн ангийн найз нь зээлийн газрын захирал. Уянга нь хамт сурч байсан. Чингис банканд эд нар 49 тэрбум төгрөгийг байршуулсан. Тэгээд байхгүй болгосон. Олон компаниуд зээл авсан. Сангийн сайд нь ийм байж болохгүй.

Сангийн сайд нь үнэндээ зогсохгүй байгаа шүү. ЖДҮ Хөгжлийн банк, Монголбанкны бичил санхүүгийн хөгжлийн сангаас Zep finance гээд банк бус санхүүгийн байгууллагаараа жилийн 6%-ийн хүүтэй 900 тэрбумаар 3 удаа зээл авсан. Ийм байж болох юм уу. Түр хорооны дарга Б.Энхбаяр үүнийг сайн сонсож аваарай. Шалгалтыг энэ улсуудаас эхлэх ёстой. Бид нар 23 компанийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгсөн байгаа. Дээр нь ноолуур, алтны компаниуд нэмэгдэнэ.

Үүнийг шалгасны дараа Хөгжлийн банкны зээлийн асуудлыг төр төлөх үү, үгүй юу гэж. Төр төлчихөөр яах юм. Хөгжлийн банкыг экспортын банк болгоод зээлийн төлөгдөөгүй үлдэгдлийг дампууруулаад хаях гэж байна шүү дээ. Ийм зохисгүй зүйл байж болохгүй. Тиймээс энэ тогтоолын төслийг татаж авах шаардлагыг Засгийн газарт хүргүүлэх хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгөөр төлж болохгүй. ЖДҮ Хөгжлийн банк, бичил санхүүгийн хөгжлийн сан, Төрийн банк гээд бүгдийг мөлждөг байж болохгүй. Тиймээс үүнийг таслан зогсоохын тулд “Түр хороо” тогтоолыг татахаас ажлаа эхлэх хэрэгтэй.