УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Ажлын байр бий болгоход бизнес эрхлэгчидтэйгээ яаралтай зөвлөлдөж, хэлэлцээрт орооч ээ!


7 минут уншина
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Ажлын байр бий болгоход бизнес эрхлэгчидтэйгээ яаралтай зөвлөлдөж, хэлэлцээрт орооч ээ!

“Би гудмаар алхаж иргэдийн байр, байдлыг ажиглах дуртай. Би ард түмний хайртай улс төрчдийн нэг. Монголын ард түмэн ууртай харж байна. Тийм ээ, зөв. Бидний буруугаас болж залуучууд ажилгүй байна. Хайртай дотны хүмүүсээ тэжээж, тэтгэхийн тулд, өвчтэй эцэг, эхдээ дэм тус болохын тулд гадаад орон руу амь тэмцэн зугтаж байгаа нь нууц биш. БНСУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайдаас хэдэн арав дахин сайн ажиллаж байна. Учир нь өөрсдийн залуусыг ажил, орлоготой байлгахын сацуу ядарсан Монгол Улсын залуусыг ажлын байраар хангаж байна шүү дээ” гэснээр бидний яриа эхэллээ.  

Орхон аймаг, 20 дугаар тойргийн иргэдийн төлөөлөл, дуу хоолой болон ажиллаж буй УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. 

Боловсролын салбарт хүүхэд бүрийг сайн программаар тэгш хамруулан сургах үндсэн үүрэг аль түвшинд байна вэ?  

Улс орны хувьд хамгийн чухал нь боловсролын салбар хэмээн боддог. Миний хувьд Монголын багш нарын үйлдвэрчний холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд ажиллаж байсан. Боловсролын салбарынхны эрх ашгийг хамгаалах зорилго, дуу хоолойгоор анхлан нийгэмд танигдаж эхэлсэн хүн шүү дээ. Ирээдүйг хоёр гар дээрээ өргөж яваа том салбар нь яахын аргагүй боловсрол. Харамсалтай нь Монголын улс төрчид сүүлийн 30 жил энэхүү салбараар тоглосон. 

ЗАЛУУ ХҮН БОЛОВСРОЛ, МЭДЛЭГТЭЙ БАЙХ ЭСЭХ НЬ ТҮҮНИЙ ЭЦЭГ, ЭХИЙН БЭЛ БЭНЧНЭЭС ШУУД ХАМААРАЛТАЙ БОЛЧИХСОН

Боловсролын салбар улстөрчдийн золиос боллоо гэлээ. Ямар шалтгаанаар ийн хэлэв? 

Бид гадаад улсын бодлогоор боловсролынхоо салбарыг тоглуулсан улс. Ямар ч улс орон боловсролын салбартаа л гаднын бодлогыг оруулах учиргүй. Өнгөрсөн 30 жилд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан зарим нөхдийн балгаар Монголын Их дээд сургуулиудын дийлэнх нь гишүүдийн өмч болчихсон нь нууц биш. Харин хувийн сургуулиуд нь боловсролыг бус мөнгө олох ашиг сонирхлоо чухалчилж байх жишээний. Манай улсад залуу хүн боловсрол, мэдлэгтэй байх эсэх нь түүний эцэг, эхийн бэл бэнчнээс шууд хамааралтай болчихсон. Аавынх нь дансан дахь мөнгөний хэмжээг үнэлдэг бус тухайн хүүхдийн ур чадвар, авьяас билэг, хөдөлмөр зүтгэлийг үнэлдэг байх ёстой. 

Орхон аймаг, 20 дугаар тойрог УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Англи улс долоон жилийн өмнөөс эхлэн улсын төсвөөс хувийн ЕБС-иудад санхүүжилт олгохоо зогсоосон байдаг. Манайхны хувийн сургуулийн эзэд дийлэнх нь барилгын компанитай болчихсон. Энэ нь төсвийн мөнгийг хувийн сургуульд өгснөөс үүдэлтэй гэж хардаж болно. Ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсрол олж авах эрхийг баяжих хэрэгсэл болгож хэрхэвч болохгүй биз дээ. Тиймээс улсын боловсролын системийг сайтар үнэлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөгжүүлэх шаардлагатай байна. 

УИХ-ын гишүүдээс хэчнээн нь улсын сургуульд хүүхдээ сургадаг бол?

Тун цөөхөн шүү дээ. Миний хүүхдүүд бүгд харъяа дүүргийнхээ ЕБС-д суралцдаг. Улсын төсвийн мөнгөөр улсын хүүхдүүд нэг ижил гараанаас ирээдүй рүүгээ гүйх нөхцөл, боломжийг бүрдүүлэх л хэрэгтэй байна. 

Сайн дурын үндсэн дээр нийтийн эрх ашгийн төлөө зарим эрх чөлөөгөө боогдуулах учиртай хүмүүс нь улстөрчид. Та санал нийлж байна уу?

Тийм. Англи улсад улстөрч хүн хувийн унаатай байхыг хориглодог. Улстөрчийг “Public servant” буюу олон нийтийн өмнөх үйлчлэгч буюу зарц хэмээн тодорхойлдог. Сайн дурын үндсэн дээр зарим эрх чөлөөгөө боогдуулж, нийтийн тээврээр зорчиж, нийтийн сургуульд хүүхдээ сургаж, нийтийн амьдралаар амьдрах учиртай юм. Нийгмийн зүтгэлтнүүд бид өөрсдөө энэ замыг сонгосон учир энэ зарчмаар л явах ёстой. 

НИЙТИЙН ҮЙЛ ХЭРГИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭДЭГ ХҮН, НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ЗҮРХ СЭТГЭЛДЭЭ НЭГИЙГ БОДОЖ, ХОЁРЫГ ТУНГААХ Л УЧИРТАЙ

Таны хувьд багш сурган хүмүүжүүлэгчээс эхлээд үйлчлэгч, тогооч нарын цалинг нэмэх тухайд бус “АЛДАГДСАН БОЛОМЖ”-ийг эгүүлэн өгөх тухайд өөрийн байр суурийг хүчтэй илэрхийлдэг?

Өнөөдөр Монголын боловсрол, эрүүл мэнд зэрэг төрийн үйлчилгээний алба хаагчдын цалин, хөлс доод түвшинд байна. Цэцэрлэгийн тогооч багш, сард 430 мянган төгрөг гар дээрээ авдаг. Энэ хүнийг яаж нэг сар амьдар гэх вэ. Маш хэцүү асуудал. Цалингаас гадна, энэ хүний гараас хоол идэж байгаа татвар төлөгчдийн мянга мянган хүүхдүүдийн эрх ашиг давхар хөндөгдөнө. Засгийн газрын ноцтой алдаанаас болж иргэдийн халаас дахь мөнгөний 40 хувь нь алга болчихлоо. Инфляц 16.2 хувьд хүрч, үүнээс 40.2 хувь нь хүнсэнд нөлөөллөө. Бага, дунд орлоготой иргэд болон ахмад настнуудад ноцтой хүндрэл үүслээ. Энэ асуудлаар Ерөнхий сайдад хандсан боловч, надад хариулахгүй байна. Мөн Сангийн сайдад асуудлыг тавилаа. Мөн л хариулахгүй байна. Түүнчлэн хөдөө орон нутагт төрийн албанд ажиллах хүн олдохгүй болчихсон. Таван зуун мянган төгрөг аваад суухын оронд, үйлчилгээний газарт ажиллаад сардаа 1 сая 200 мянган төгрөг авахыг илүүд үзнэ. Төр ийн хүчгүйдэж, сул дорой болж болохгүй л байгаа юм. Үүнийгээ нэн даруй засч залруулах шаардлагатай байна.  

ХОЁР ХҮН ТУТМЫН НЭГ НЬ АЖИЛГҮЙ, ОРЛОГОГҮЙ БАЙНА

Нийт хүн амын тал хувьд нь ажилгүйдэл ядуурлын хямрал нүүрлээд байна?

Хоёр хүн тутмын нэг нь ажилгүй, орлогогүй байна. Энэ нь тухайн улс орон дефолт буюу дампуурал руугаа орчихлоо гэсэн үг. Сүүлийн зургаан жил МАН засаглахдаа 80 их наяд төгрөгөөр ийм аймшигтай зүйл хийлээ. Улаанбаатарт байгаа бүх гэр хорооллын иргэдийг орон сууцанд оруулахад 10 их наяд төгрөг шаардлагатай шүү дээ.  

Тэгвэл энэ тогтолцоог хэрхэн өөрчлөх вэ. Та улсын Ерөнхий сайд байсан бол нэн тэргүүнд ямар ажлаас барьж авах байв? 

Хэрэв би Ерөнхий сайд эсвэл Ерөнхийлөгч байсан бол хэмээн бодоод таны асуултад хариулъя. 

Нэн тэргүүнд бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллагатай уулзаж, нийгмийн хэлэлцээр байгуулна. Ингэхдээ “та бүхэн юу хийж чадах вэ, гадаад зах зээл рүү ямар бүтээгдэхүүн гаргамаар байна” гэх зэргээс ажлаа эхлүүлнэ. Малын түүхий эд, арьс шир, зэс хоолой, эд анги зэрэг өндөр технологи бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бий болох зэрэг нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой ажлуудаас барьж авна. 

Ингэхдээ БНСУ, БНХАУ, ОХУ, АНУ, Япон гэсэн гадаад зах зээлд Ерөнхий сайд болон Төрийн тэргүүн нь өөрийн биеэр очин бүс нутгийн байгууллагын гэрээ хэлцэлд идэвхийлэн оролцоно. Нэг ёсондоо Дэлхийн худалдааны байгууллагын гэрээ хэлцлээс ажиллаж эхлэх нь зүйтэй. Монголын нийт бизнес эрхлэгчдийг гаднын зах зээлээс том тендер авах нөхцөл боломжоор хангах нь чухал байна. Дотроо байгаа төсвийн жаахан “хуушуур”-аа булаалдаж, хэмлэлцэхийн оронд Дэлхийд байгаа нэгээхэн том хуушуурыг авчирч бүгдээрээ хүртье. Ингэж л бодож байна. 

Хоёрт, Ийн нийт компаниудад гадаад зах зээлийг нь нээгээд өгчихлөө. Үүн дээр жишээ татъя, ХБНГУ-ын нөлөө бүхий улстөрч Ангела Меркель Хятадад очоод Герман машинуудыг хэрхэн тус зах зээлд оруулах талаар хэлэлцээрийг хийдэг. АНУ-БНХАУ гээд томоохон гүрнүүдийн Төрийн тэргүүд “бордоогоо хямд авъя, танай зах зээлд мах аа үнэтэй нийлүүлнэ, татвар аа нэмнэ, бууруулна” гэх зэргээр маргалдаж байна. Үүнийг л төрийн өндөрлөгүүд идэвхийлэн хийх ёстой байна. 

Гуравт, Зэс эд анги болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хийх юм байна. Тэгвэл эдгээрийг хийх боловсон хүчинг бэлтгэж өгье. Энэ олон дээд сургуулиуд, МСҮТ, улсын полийн дээд сургуулиуд ер нь юу хийх ёстой юм. Бизнес эрхлэгчдэд боловсон хүчинг нь бэлтгэж өгөхөөс биш, аль нэг байгууллагын дарга, захирлын алба тушаал горилон бялуу хүртэн суудаг байж хэрхэвч болохгүй. 

Дөрөвт, Тухайн компанийн хөл дээрээ босох эхний гурван жилд татвар болон хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлэх тухай асуудал. 

Тавт, Зээлийн бодлого. Гаднын орнуудаас шинэ техник, технологи, “ноу-хау”-г нэвтрүүлсэн бол барьцаагүйгээр зээл олгохын сацуу төрийн бодлогоор дэмжих. 

БИ МОНГОЛ УЛСАД ОЛОН, ОЛОН АЖЛЫН БАЙР БИЙ БОЛООСОЙ ГЭЖ МӨРӨӨДДӨГ

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл нь ямар чиг үүрэгтэй ажиллах ёстой байдаг вэ? 

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл нь Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны байгууллагын төлөөлөл бүхий бие даасан, нийгмийн зөвшилцлийн байгууллага. Аудитын байгууллагаас “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, үр нөлөөг тооцож үнэлээгүй, байнгын ажлын байраар хангагдсан хүний тоо тодорхойгүй. Мөн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг бодитой судалгаанд үндэслээгүй, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй” гэсэн дүгнэлт гарсан. Нэг ёсондоо Засгийн газар үүнийг ажиллуулах чадваргүй байна гэсэн л дүгнэлт юм.  

Өнөөдрийн байдлаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 176 тэрбум төгрөг бий. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нь Монгол улсын хүн амыг ажилтай байлгах үндсэн үүрэг хүлээсэн байгууллага шүү дээ. Төсөвтөө хөдөлмөр эрхлэлтэд зориулж нэг ч төгрөг суулгаагүй. Ийм төсөв гэж байх уу. Засгийн газрын нэн тэргүүнд анхаарах зүйл нь ажилгүй байгаа залуусыг ажилтай болгох, байгаа ажлын байр аа хадгалах явдал юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг бүрдүүлж буй орлогын дийлэнх хувь нь гадаадын иргэний ажлын байрны төлбөрийн орлогоос бүрддэг. Монгол хүн ажилтай байх эсэх нь гадаад хүний сайхан сэтгэл дээр тогтож байна. Энэ гунигтай байдлыг таслан зогсоогооч ээ! гэдэг утгаар би өөрийн байр суурийг ч илэрхийлдэг. 

Та өөрийн тойрогтоо хэрхэн ажиллаж байна. Орхон аймаг, 20 дугаар тойргийн иргэдийн төлөөлөл, дуу хоолой болох үүргээ хэрхэн гүйцэтгэж байна?

Тойрогтоо ажиллаад ирсэн. ЖДҮ-ийг дэмжих "ҮЙЛДВЭРЛЭГЧ БАГ" төслийн хүрээнд 10 төрлийн 18 ширхэг тоног төхөөрөмжийг иргэдэд гардуулсан. Тоног төхөөрөмжөөр хангагдаж байж л ЖДҮ-чид маань ажилтай байна. Үүнийгээ дагаад Эрдэнэт хотын залуучууд ажилтай басхүү орлоготой болно. Түүнчлэн боловсролын салбарын нийт ажилтнуудыг цахим тоног төхөөрөмжөөр хангаж ажлуудад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. 

Хувь хүмүүс болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх асуудлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонд хамтран ажиллах санал хүргүүлж, тэрээр хүлээн авсан. Уг ажил тун удахгүй хийгдэхээр төлөвлөгдөөд явж байна.   

Танд баярлалаа. Амжилт хүсье.