2022.10.25

Н.Наранбаатар: Даланзадгад дахь дулааны цахилгаан станцын өрийг Засгийн газарт шилжүүлэх боломжтой юу

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны /2022.10.25/ өдрийн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

Надад Даланзадгадын дулааны цахилгаан станцаас хоёр хүсэлт ирүүлсэн. Үүнийг ямар байдлаар шийдэх боломжтой вэ гэдэг талаар асууя. Эхний асуудал нь Даланзадгадын дулааны цахилгаан станц нь БНСУ-ын зээлийн хөрөнгөөр баригдсан. Өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл нь 5 тэрбум, хүү нь 1 тэрбум нийт 6 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ өрийн үлдэгдлийг Засгийн газарт шилжүүлж авах боломж бий юу гэдэг санал ирүүлсэн.

Хоёр дахь нь систем дотроо өмнөд бүстэй өнгөрсөн ковидын хугацаанд 449 сая төгрөгний эрчим хүчний хуримтлагдсан өртэй болчихоод байгаа юм. Энэ өрийг систем хоорондоо зохицуулаад чөлөөлөх ямар боломж байна вэ? Дээрх хоёр өрийг станц өөрөө шийдээд явах ямар ч  боломжгүй гэдгийг салбарынхан ойлгож байгаа гэж бодож байна. Үүнд тодруулга өгнө үү.

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны төсвөөс асуулт байна. Ирэх 2023 онд хэчнээн орон тоотой ажиллах юм. Гол боомтууд тухайлбал Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн гэсэн экспортынхоо томоохон боомтууд дээр боловсон хүчний нөөц ямар байх вэ. Энэ боомтууд руу чиглэсэн ажлууд хийхээр төсөвт суусан уу?