“Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем”-ийг нэвтрүүлнэ
2022.11.01

“Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем”-ийг нэвтрүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн яам Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-тэй хамтран “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

Тус төслийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх, хяналт тавих, байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан мэдээлэл солилцох зөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим санг бий болгохоор “Зөрчил бүртгэл, мэдээллийн нэгсэн систем”-ийг хөгжүүлж, нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.

Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Зөрчлийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийн үйл ажиллагаатай танилцаж, дээрх системийн туршилтын ажлыг яаралтай эхлүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс бүрэн ашиглалтад оруулж, хэрэглээнд нэвтрүүлэх талаар үүрэг даалгаврыг өглөө.

Зөрчлийн дундын нэгдсэн санг бий болгосноор хууль хяналтын 31 байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх 12 мянган эрх бүхий ажилтан зөрчлийн хэргийг тухай бүрт нь цаг алдалгүй бүртгэж, дундын мэдээллийн цахим санг үүсгэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тоон мэдээллийг нэгдсэн нэг системээс харах, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа хойшлох, хугацаа сунгах явдлыг бууруулах зэрэг олон давуу тал бий болно.
Түүнчлэн улсын хэмжээний зөрчлийн хэргийн тоон мэдээлэл, бүртгэл баримтыг цаг алдагдалгүй, бодитоор гаргах, иргэдэд төрийн үйл ажиллагааг нээлттэй болгох, ил тод мэдээллээр хангах чухал үүрэгтэй.

Тухайлбал, Прокурорын байгууллагын тухайд хэрэг бүртгэж, шивэлт хийх шаардлагагүй болох бөгөөд зөвхөн системээс ирсэн гомдлыг шалгадаг болно. Харин эрх бүхий албан тушаалтны хувьд механик ажиллагааг халж, зөрчлийн хэрэг маргаан, хянан шийдвэрлэх цогц цахим бүртгэлтэй болох юм.

Тэгвэл иргэн, хуулийн этгээдийн зүгээс өөрт хамааралтай зөрчлийн мэдээллийг мессеж болон вебээс авах, прокурорт цахимаар өргөдөл, гомдлоо гаргаад зогсохгүй зөрчлийн талаарх мэдээллээ цахимаар шалгах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл зөрчлийн хэрэг маргаан, хянан шийдвэрлэхтэй холбоотой нэг цонхны хяналтын нэгдсэн тогтолцоо бүрдэнэ гэж Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс үзэж байна.