2022 онд Сонгинохайрхан дүүрэгт өрнөсөн чухал үйл явдлыг танилцуулъя
Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Энэ хүрээнд 2022 онд болсон онцлох үйл явдлаас дурдаж байна.
“IELTS-600”-д шалгарсан 25 сурагч боловсролын төвд үнэ төлбөргүй суралцаж байна
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас “IELTS-600” төслийг хэрэгжүүлж байна. Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагчдын англи хэлний мэдлэг чавдарыг нэмэгдүүлэх, олон улсын шилдэг 100 их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах үүд хаалгыг нээж өгөх зорилгоор дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор гаргасан “Боловсрол хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн “Сантис” боловсролын төвтэй хамтран ажиллаж буй.
Төслийн гол ач холбогдол нь шалгарсан 25 сурагч өөрсдийн хүссэн мэргэжлээрээ олон улсын их дээд сургуулиудад элсэн ороход туслах юм. Төслийн эхний шатанд сургууль бүрээс шалгаран ирсэн 63 сурагчдын дунд англи хэлний түвшин тогтоох шалгаруулалтыг 2021 оны зургадугаар сарын 3-ны өдөр 143 дугаар сургууль дээр зохион байгуулсан. Шалгаруулалтад тэнцсэн 25 сурагч хоёр дахь жилдээ "Сантис" боловсролын төвд үнэ төлбөргүй суралцаж байна.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Анзаар” аян зохион байгууллаа
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Анзаар” сарын аянг /2022.04.06/ зарласан юм.
Тус аяны хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд таслан зогсоох, сөрөг үр дагаврыг таниулан нөлөөллийн аргаар эрсдэлээс сэргийлэх олон ажлыг зохион байгуулаад байна.
Сонгинохайрхан хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болно
2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө гэр хорооллын 10 мянган өрхийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх ажлыг тусгасан. Энэ оны байдлаар гэр хорооллын 3.300 айл өрхийн эко ариун цэврийн байгууламжийг бүрэн хийж дуусч байна.
Тус айл өрхүүдэд 30.000 мянган ширхэг нарс мод тарих үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Уг төслийг бүрэн хэрэгжүүлснээр Сонгинохайрхан дүүрэг хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болох боломжтой юм. Гэр хорооллын нэг өрх уламжлалт нүхэн жорлонг 15-с дээш жил ашигласан байдаг. Энэ нь тухайн орчны хөрс бохирдох хамгийн том шалтгаан болдог. Харин хөрсний бохирдлоос ангижрах хамгийн зөв бөгөөд хялбар шийдэл бол гэр хорооллын айл өрх бүр соруулдаг эко ариун цэврийн байгууламжийг нийтээрээ сонгон ашиглах юм.
Дүүргийн 500 өрхөд хог ангилан ялгах сав байршуулав
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн 2, 3 дугаар хорооны 500 өрхөд ангилан ялгах зориулалтын хогийн савыг байршуулсан. Төслийн хүрээнд тус хогийн савыг байршуулсан 2, 3 дугаар хорооны өрхийн ангилсан дахиварыг 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс тээвэрлэж эхлээд байна.
Дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хог хаягдал ангилан ялгах үйлдвэр барихаар төлөвлөж буй.
“Сонгинохайрхан гоёл” өдөрлөгийг анх удаа зохион байгуулав
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилго бүхий “Сонгинохайрхан гоёл-2022” өдөрлөгийг /2022.09.25/ анх удаа төв талбайд зохион байгуулсан. Х.Нямбаатар сайдын санаачилгаар зохион байгуулж буй арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны 2150 иргэн долоон нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан оролцсон.
Эдгээр иргэд хамтран “Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”, “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”, “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-үүдэд суралцан, үйлдвэрлэлээ өргөжүүлэн бараа бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулдаг билээ.
Тухайлбал, НӨШБҮХ нь 2012 онд 47 үйлдвэрлэл эрхлэгч нарын нэгдлээр байгуулагдаж байсан бол одоо 2000 гаруй гишүүнтэй бөгөөд 2800 гаруй өрхийг бойжуулан бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлдэг. Тус арга хэмжээ Сонгинохайрхан дүүргийн бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчид, хөгжлийн төвүүдийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах хөтөлбөрийн хүрээнд үргэлжлэв.
Оёдлын үйлдвэр эрхлэгчдийн чуулга уулзалт болов
Сонгинохайрхан дүүргийн гар урлаач, оёдлын бизнес эрхлэгчдийг хамруулсан чуулга уулзалт болов. Энэхүү үйл ажиллагааг гар урлаач иргэдийн бүтээлч үйл ажиллагааг дэмжих, үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, салбар дундын уялдаа холбоог сайжруулан үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэлэг санаа, технологи нэвтрүүлэн ур чадварыг дэмжих зорилгоор зохион байгуулсан.
Чуулганд Сонгинохайрхан дүүргийн 300 гаруй оёдолчин, гар урлаач оролцон туршлага солилцож, салбарт тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэв.
Чуулга уулзалт нь урт болон дунд хугацааны бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, оёмол бүтээгдэхүүний эрэлт ихтэй төрийн болон томоохон аж ахуйн нэгж байгууллагыг оёдлын үйлдвэрлэл эрхлэгчтэй холбох, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, зах зээлийг нь дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой юм.