2010.07.21

140 партизан энгэрээ мялаалаа

Ардчиллын ордон өчигдөр хүний хөл, цэцгийн баглаанд дарагдаж өнжлөө. Тэртээ 20 жилийн өмнөөс ардчиллын төлөөх үйл хэрэгт зүтгэж ирсэн МоАХ-ны гишүүн 140 партизан улс орондоо хийж бүтээсэн ажил хөдөлмөрөө энэ өдөр үнэлүүлэн, Төрийн одон, медалиар энгэрээ мялаасан юм.Монгол оронд олон намын тогтолцоо бүхий анхны ардчилсан сонгууль болсны 20 жилийн ойг тохиолдуулан партизануудад шагналын хур буулгасан нь энэ юм. Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор нийслэлийн дүүрэг тус бүрээс нэг хүнийг шагнасан бол 29 хүнд Алтангадас одон, 77 хүнд Хөдөлмөрийнхүндэт медаль хүртээжээ.

Төрийн одон, медаль хүртсэн партизанууд ардчиллын төлөөх үйл хэрэгт зүтгэхийн зэрэгцээ батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл урлаг, хэвлэл мэдээлэл, төр захиргааны байгууллага гээд өөр өөрсдийн салбартаа өндөр амжилт гарган ажилласныг төр ийн үнэллээ.

Тэдэнд шагналыг нь МоАХ-ны дарга Х.Баттулга, дэд дарга Ш.Түвдэндорж болон удирдах зөвлөлийн гишүүд гардуулан өгсөн.

Хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн, төрийн өндөр шагнал хүртсэн зарим ахмад партизаны сэтгэгдлээс хуваалцлаа. Тэд 20 жилийн өмнө гар бие оролцон байгуулж явсан ардчилсан нийгмийн өнөөгийн дүр төрхийг хэрхэн дүгнэдгээ ч хэлсэн юм6

Р.Цэнд-Аюуш:

Би хими биологийн багш мэргэжилтэй. Сургууль,боловсролын байгууллагад олон жил удирдах алба хашижявлаа. Дунд сургуулийн багш, захирлаас эхлээд Ардынболовсролын хэлтсийн анхны эмэгтэй даргаар ажиллажбайсан. Багш хүний хувьд, хүүхдүүдийнхээ ирээдүй,нийгмийнхээ сайн сайхны төлөө 1989 оноос хойшардчиллын төлөө зүтгэж явна. Хүн гэдэг зөвхөн өөртногдсон ажлаа л хийгээд явах биш бас нийгэм, улсорныхоо төлөө иргэн хүний хувьд хувь нэмрээ оруулахёстой. Тийм ч учраас хөдөлмөрлөх чадалтай байгаа үедээардчиллын төлөө ажиллана гэж боддог. Энэ сэтгэл,зүтгэлийг минь үнэлж Хөдөлмөрийн хүндэт медалиаршагнасан төрдөө, МоАХ-доо баярлаж байна.

Ш.Жаргалсайхан

Би жолооч хүн. Жолоо мушгихын хажуугаар 20 жил ардчилалд зүтгэлээ. Өөрийн гар бие оролцож байгуулсан одоогийн ардчилсан нийгэмд сэтгэл дүүрэн байдаггүй ч удахгүй жам ёсоороо хөгжинө гэдэгт итгэлтэй байдаг. Хэрэв өнгөрсөн сонгууль бүрээр ардчилал ялсан бол өнөөдөр арай л өөр байх байсан болов уу гэж боддог юм.

Б.Батмөнх:

...Улсад 32 жил ажилласан хөдөлмөр зүтгэлийг минь үнэлж, төрийн хайр хишиг хүртээсэнд тун их баярлаж байна. Ах нь тэтгэвэрт гарсан ч гэлээ МоАХ-ыхоо Сонгинохайрхан дүүргийн ЁС зүйн хороон даргаар ажиллаж, хамт олонтойгоо ардчиллын төлөө зүтгэж л явна. 1990 оноос хойш ардчиллын анхны партизануудын нэг болж яваагийн хувьд хэлэхэд бидний хүсч мөрөөдөж явсан ардчилал маань иргэний нийгэм талдаа бүрэн гүйцэд хөгжиж чадаагүй байгаа учир одоо ч бидэнд хийх ажил их байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.