Д.Түвшинжаргал:

Боомтын боомийг тайлах нь хөгжлийн үндсэн суурь болно


6 минут уншина
Д.Түвшинжаргал: Боомтын боомийг тайлах нь хөгжлийн үндсэн суурь болно

Цар тахлын үед Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш хоёр дахь удаагаа -5.3 хувь хүртэл агшсан. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-д өргөн барьж батлуулсан "Шинэ сэргэлтийн бодлого" цар тахлын дараах эдийн засгийг тэлэх, босгоход зориулагдсан нь  ойлгомжтой.

Цаашлаад Засгийн газар хөгжлийн том төслүүдийг эхлүүлнэ, хүртээмжтэй өсөлтийг хангана, экспортыг нэмэгдүүлхээ мэдэгдсэн. Орон нутагт Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт, төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлын эргэн тойронд ярилцах үүднээс Завхан аймгийн засаг дарга Д.Түвшинжаргалыг урилаа.  

Хорин нэгэн жил үргэлжилсэн “Мянганы зам” төслийн сүүлийн ажил болох Монголын хамгийн өндөрт, урт үргэлжилсэн “Загастайн даваа”-ны 67 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо. Энэ нь Завхан аймгийн эдийн засагт ялангуяа аялал жуулчлалын салбарт хөгжлийн түүчээ болох байх?

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны зам нь тэртээ 1965 онд анхлан тухайн үеийн зам ангийн дарга н.Далхаагийн санаачилгаар албан газруудын ажилчдыг замын бүтээн байгуулалтад оролцуулснаар эхэлж байсан түүхтэй юм билээ. “Зам дагаж хөгжил” гэдэгчлэн аймгийн аялал жуулчлалд хүч нэмсэн нь “Загастайн даваа”-ний 67км үргэлжлэх хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт юм. 57 жилийн дараа ийн бүрэн хучигдсан нь нутгийн иргэдийн ахуй амьдралд үр өгөөжөө өгч, “Хөгжлийн зам” хэмээн тодотгохын шалтгаан юм.  

Улсын ууган дөрвөн аймгийн нэг, Завхан аймгийн түүхт замнал болоод тус аймгийн эдийн засгийн тулгуур салбар нь юу вэ?

Улсын ууган дөрвөн аймгийн нэг Завхан аймаг нь 1923 онд байгуулагдсан бөгөөд 82 мянган км.кв нутаг дэвсгэр бүхий 73.8 мянган хүн амтай. Завханчууд хэзээнээсээ малч ард түмэн. 1963 онд буюу аймгийн 40 жилийн ойгоор “Алтан гадас одон”, мал өсгөх улсын хөдөлшгүй төлөвлөгөөний 1973 оны даалгаврыг нийт малын дүнгээр болон мах, ноос, улсын бэлтгэл, хадлан тэжээл, хашаа барих, бэлчээр усжуулах зэрэг төлөвлөгөөг давуулан биелүүлж, амжилт гаргасныг тэмдэглэн аймгийн 50 жилийн ойгоор “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 2017 онд “Сүхбаатарын одон” тус тус хүртсэн бахдам амжилт бий. Аймгийн эдийн засгийн тулгуур салбар нь мал аж ахуй бөгөөд энэ жил 3.7 сая мал тоолуулсан дүн мэдээтэй байна. 

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ТҮВШИНЖАРГАЛ

Түүнчлэн аймгийн эдийн засгийн удаах тулгуур салбар нь аялал жуулчлал юм. Сүүлийн жилүүдэд манай аймгийн байгаль, газар нутгийн өвөрмөц төрх, уул ус, амьтан ургамал, нүүдэлчин аж ахуйг сонирхон судлахаар зорин ирж буй жуулчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж буй нь сайшаалтай.

Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого” Завхан аймагт хэрхэн хэрэгжиж байна?

Бие даасан байдал, эдийн засаг, тусгаар тогтнолын тулгуур нэг багана нь эрчим хүчний хангамжийн асуудал байдаг. Завхан аймгийн хувьд дэд бүтэц, дулаан, цахилгааны дутагдал нь хөгжлийн чөдөр тушаа байсаар ирсэн. Манай аймагт эрчим хүчний сэргэлтийн хүрээнд, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Алдархаан суманд “Борх 5МВт-ын нарны станц”, Улиастай сумын 110/3510кВ-ын дэд станцад 3600МВт цагийн хүчин чадал бүхий батарейн байгууламж баригдаж, ашиглалтад хүлээн авлаа. Тэлмэн суманд ашиглалтын 25 жилийн хугацаанд 471.075 МВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх 5 МВт-ын салхин цахилгаан станц байгуулах тооцоо, судалгаа хийгдэж байна.  

Мөн Польш улсын санхүүжилтээр Улиастай сумын төв цэвэрлэх байгууламжид шинэчлэл хийгдэхийн сацуу, БНСУ-ын 148 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 25 Гкал/цагийн хүчин чадал бүхий дулааны станцын ажил эхлээд явж байна. Завхан аймаг дулааны станцтай болсноор иргэд эрүүл, ая тухтай орчинд ажиллаж амьдрахаас гадна, 100 гаруй ажлын байр нэмэгдэх юм.

Аж үйлдвэржсэн, ажилсаг Монголыг бий болгох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр баригдана. Уг үйлдвэрийн барилгын ажил эхэлсэн бөгөөд жилдээ 600 тн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм. 

Ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд, Завхан аймаг энэ онд 281,798 ширхэг мод, бут тарьж түүнийгээ арчлан ургуулж байна. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд өрнүүлж, эхний гурван жилд тарьц суулгацын нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүлэн 24 сум, 18 мод үржүүлгийн нөхөрлөл, аж ахуйн нэгжид иж бүрэн усалгааны систем бүхий хүлэмжийг нийлүүлж улмаар ажиллах боловсон хүчний нөөц бүрдүүлэх зорилгоор аймгийн байгаль орчны зөвлөгөөнийг зохион байгуулж 150 гаруй, улсын хэмжээнд 1000 сургагч багш бэлтгэх сургалтад 72 иргэнийг, 40 байгаль хамгаалагчийг цахимаар 2 удаа, 50 аж ахуй нэгж байгууллагыг танхимаар 2 удаа, нийт 320 орчим хүнийг сургаад байна. Цаашид, 2030 он хүртэл аймгийн хэмжээнд 25 сая орчим мод тарихаар төлөвлөөд байна. Хаана ямар төрлийн мод тарих, түүнийг нь хэн, хэрхэн хариуцан арчилж ургуулах талаарх судалгааны ажлыг эхлүүлэхээр зэхэж байна. Ингэснээр тухайн газар нутгийн онцлогт тохирсон ургамлыг тарих, арчлах цогц асуудал шийдвэрлэгдэнэ хэмээн харж байна.

Монгол улс боомтын хүчин чадлаар дэлхийн 160 улсаас, 130 дугаарт эрэмбэлэгдэж байна

Боомтын сэргэлтийн хүрээнд, Завхан төдийгүй баруун аймгууд ОХУ-тай хамгийн дөт замаар худалдаа эрхлэх боломжтой нь Арц суурийн боомт юм. Тус боомт нь ачаа, тээврийн урсгал бүхий нэг замтай, жилдээ 200 орчим сая ам.долларын ачаа барааны эргэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зорилтын хүрээнд Завхан аймагт Арц суурь-Шивээ хүрэн чиглэлийн 1255 км төмөр замын бүтээн байгуулалтын төсөл хэрэгжих юм. Ингэснээр боомтын зэрэглэл нэмэгдэн, ачаа тээврийн нэвтрэх урсгал эрс сайжрахын сацуу гадаад харилцаа, аялал жуулчлал, хилийн худалдаа нэмэгдэж иргэдийн амьжиргаа болон аймгийн эдийн засагт томоохон ахиц гарах эерэг төсөөлөлтэй байгаа. Боомтын боомийг тайлах нь хөгжлийн суурь хэмээн харж байна. Мөн Нөмрөг-Улаангом чиглэлийн “А18” дугаартай автозамаас Арц суурь хилийн боомт хүртэлх 159.5 км хатуу хучилттай автозамын ТЭЗҮ болон зураг төсөл нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж, Улиастай-Алтай чиглэлийн 198 км хатуу хучилттай автозамын ТЭЗҮ, зураг төсөл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус тус хийгдээд байна.

Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд, Төрийн үйлчилгээг цахимжуулах арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлэн Улиастай суманд И-Монголиа операторын үйлчилгээний төвийг байгуулж, 14 байгууллагын 50 гаруй төрийн үйлчилгээг цахимжуулсан.

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаж хийгдсэн онцлох ажлуудаас?

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор “Чадварлаг багш”, “Чадварлаг эмч”,“Үндэсний бахархал Монгол өв соёл”, “Хүүхдэд ээлтэй дотуур байр”, “Даян мэргэн”, “Хөдөлгөөн эрүүл мэнд”, “Тогтвортой амьдрал-Амгалан гэр бүл”, “Үдийн хоол”, “Чинээлэг малчин”, “Аз жаргалтай ажлын байр” зэрэг арга хэмжээг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг шат шатандаа хангаж ажиллаж байна.

Мөн төсөл, хөтөлбөрүүдийн зорилтуудыг цаг хугацаанд нь бүрэн хэрэгжүүлэх үүднээс аймгийн жил бүрийн хөгжлийн төлөвлөгөөнд нарийвчлан тусгаж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэв. Мөн төрийн байгууллагуудын ажлын үр дүнг сайжруулах, иргэд олон нийтийн идэвх санаачилгыг өрнүүлэхэд засаг даргын хувиас анхааран ажиллаж байна. 

Завхайн аймгийн хэмжээнд 2021 онд 55.7 тэрбум,  2022 онд 45.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэв. 

Улсын болон орон нутгийн төсвийн 18 тэрбум төгрөгөөр 12 барилга байгууламжийг ашиглалтад оруулав. Үүнд: 

  • Түдэвтэй, Ургамал, Эрдэнэхайрхан зэрэг сумын ЗДТГ-ын барилга 
  • Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн барилга 
  • Улиастай сумын 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга 
  • Цэцэн-Уул сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга 
  • Эрдэнэхайрхан сумын соёлын төвийн барилга 
  • Сонгино, Шилүүстэй сумын сургуулийн халуун усны барилга
  • Улиастай сумын 9 дүгээр цэцэрлэгийн барилга
  • Идэр сумын Соёлын төвийн барилга

Завхан аймгийн хэмжээнд боловсролын салбарт 50.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 17 барилга байгууламж баригдаж байгаа нь нийт хөрөнгө оруулалтын 47 хувийг эзэлж байна. 

Завхан аймагт улсын төсвийн хөрөнгөөр ямар бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн вэ? 

Томоохон бүтээн байгуулалтын ажлаас дурдвал мэдээж, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67км хатуу хучилттай автозам ашиглалтад орж, Дулааны станц, цэвэрлэх байгууламжийн ажил эхэлсэн. 

Аймгийн 24 сум төвлөрсөн халаалтад холбогдож байна. Түүнчлэн, Улиастай суманд “Гудамж” төслийн хүрээнд 6.7 км авто зам, зам дагуух 128 ширхэг гэрэлтүүлэг, Төв гудамж дагуу 82 ширхэг боргоцойн гэрэлтүүлэг, Улиастай зах болон нэгдсэн эмнэлгийн урд 4 хэсэгт авто зогсоолтой боллоо. 

“Доной” нисэх буудлын уулзвараас Алдархаан сум хүртэлх 6.7 км хатуу хучилттай автозам ашиглалтад орж, Их-Уул сумын 3 км хатуу хучилттай авто зам 90%-ийн гүйцэтгэлтэй байна. Үүний сацуу Отгон, Алдархаан сумдад “Шинэ сум төсөл” хэрэгжиж байна.

“Шинэ Завхан төсөл”-ийн хүрээнд ямар бүтээн байгуулалтууд хийгдэж, иргэдийн амьдрах нөхцөлд ямар өөрчлөлт орно хэмээн харж байна?

Энэ хүрээнд Улиастай сумын Өлзийт багт 45 га талбайд инженерийн шугам сүлжээний ажлыг хийж дуусгасан. Одоогоор 800 айлын орон сууцны барилгыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд эхлүүлэхээр зэхэж байна. Тус хороололд 640 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилга, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих ажлын саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж, шийдвэрлүүлсэн. 

Завхан аймаг ирэх жил 100 жилийн ойтойгоо учран золгох гэж буй. Ойг угтсан ямар ажлууд хийхээр төлөвлөж байна?

Завхан аймгийн түүхт 100 жилийн ой 2023 онд тохионо. Засаг даргын захирамжаар бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Ойг угтан Улиастай сумын Богдын гол багт 10.4 га талбайд Соёл амралтын хүрээлэн байгуулж, Төв талбайн шинэчлэлийн ажил хийгдэж байна. Мөнхүү түүхт ойг угтсан тухайлсан зорилтод хийгээд хөтөлбөрт арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулж байна.

Баярлалаа. Танд амжилт хүсье.