С.Одонтуяа: Эрх баригчид нүүрсний хэргийг замхруулж, иргэдийг янз бүрийн аргаар хуурах гэж оролдож байна
2022.12.06

С.Одонтуяа: Эрх баригчид нүүрсний хэргийг замхруулж, иргэдийг янз бүрийн аргаар хуурах гэж оролдож байна

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хоёр өдөр үргэлжилсэн жагсаал, нүүрсний хулгайн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг нээлттэй явуулах талаарх гишүүдийн гарын үсэг бүхий албан бичгийг УИХ-ын даргад зарим гишүүн өргөн барилаа. Үүний дагуу УИХ-ын дарга дээрх асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах үүргийг холбогдох газруудад өгсөн. Ингээд ажлын хэсэг байгуулсан. Бид эцэс хүртэл нь явна.

Жижиг, дунд үйлдвэрийн асуудлыг эцэслэж мухарлаагүй явдлаас болоод ЖДҮ авсан гишүүд амтшаад сонгуулийнхаа мөнгийг хийгээд УИХ-д сууж байна. Нүүрсний асуудалд УИХ, Засгийн газрын олон гишүүн холбогдсон. Энэ хүмүүс яаж сандарч байгааг та нар харж байгаа. МАН-ынхан нүүрсний хулгайг илрүүлсэн л гэж байна. Яагаад илрүүлсэн хүмүүс нь энэ хулгайгаа дарж болоогүй юм бэ? Ард түмэн талхаа таллаж авч байгаа үед иргэд ингэж жагсах нь аргагүй.

Яагаад энэ их тансаглалын мөнгөөр олон иргэнийг ядуурлаас гаргах бичил бизнесийг дэмжиж болоогүй юм бэ? Эрх баригчид нүүрсний хэргийг замхруулж, УИХ-ын сонгуулийг наашлуулна гэж иргэдийг янз бүрийн аргаар хуурах гэж оролдож байна. Ингэж замхруулна гэсэн зүйл байхгүй. Эхлээд асуудлыг нь шийдүүлье" гэв.