УИХ-ын тухай багц хуулийн төсөл дээр АН-ын бүлэг завсарлага авав
2010.01.08

УИХ-ын тухай багц хуулийн төсөл дээр АН-ын бүлэг завсарлага авав

УИХ-ын чуулганы энэ өдрийн хуралдаанаар uih_2010Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэхээр төлөвлөсөн байв.

Эдгээр хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан юм. Иймээс тус бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг “Улсын Их Хурлын тухай багц хуулийн дөрвөн ч төсөл байгаа. АН-ын бүлгийн дэмжээгүй хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэхэд олонхи нь дэмжсэн. Иймээс тус намын бүлэг эдгээр хуулийн төслийг дахин нягталж ярилцахаар завсарлага авахыг хүсч байна” гэж мэдэгдэв.

Харин УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан “Өнөөдөр үдээс хойш Засгийн газрын мэдээллийн цагаар “Монгол Улсын Засгийн газраас нийгмийн халамжийн шинэчлэлийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилт”-ын талаархи чухал мэдээлэл сонсох юм байна. Гэхдээ манай орны нийт нутгаар цас орж, хүйтрэн өвөлжилтийн байдал хүндэрч байгаа тухай орон нутгаас мэдээлэл их ирж байна. Иймээс Ерөнхий сайдын мэдээллийн дараа өвөлжилтийн байдлын талаар Засгийн газрын мэдээлэл сонсох хэрэгтэй байна” гэсэн санал гаргав.

Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл АН-ын бүлэгт завсарлага авахыг зөвшөөрч буйгаа хэлээд “УИХ-аар хэлэлцэж шийдэх асуудал олон байна. Намрын чуулганыг хоёрдугаар сарын 1-ний дотор завсарлуулах бодолтой байгаа. Иймээс ирэх долоо хоногийн лхагва гаригийн үдээс УИХ-ын тухай энэ багц хуулийн төслийг хэлэлцье. Энэ хугацаанд амжиж намын бүлэг асуудлаа цэгцэлсэн байх хэрэгтэйг” сануулаад өвөлжилтийн байдлын талаар Засгийн газрын мэдээллийг сонсох зүйтэй юм гэдгийг дэмжлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн УИХ-ын тухай хуулийн төслүүд дээр АН-ын бүлэг завсарлага авсан тул дараагийн асуудал болох УИХ-ын 2008 оны 28 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ асуудлын талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.

УИХ-ын 2008 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 28 дугаар тогтоол, уг тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус байнгын хороо өчигдөр хуралдан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Ц.Нямдорж энэ тогтоол батлагдсанаар гишүүдийн туслах, зөвлөх гээд олон хүн нэмэгдэх нь, тиймээс өрөө тасалгаа хүрэлцэх юм уу гэдгийг лавлахад УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Гишүүдийн зөвлөх, туслахын орон тоо нэмэгдэхэд өрөө тасалгааны хувьд хүндрэлтэй асуудал бий”, харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин “Тогтоол батлагдсанаар гишүүдийн 76 зөвлөх Төрийн ордонд орж ирээд суучихна гэж ойлгож болохгүй. Тухайн гишүүн зөвлөхтэй ч байж болно, зөвлөхгүй ч байж болно, туслахтайгаа ч байж болно. Зарим тодорхой асуудал, хуулийн төсөл дээр зөвлөхийг татаж ажиллуулаад явсан ч болно. Иймээс бүгдээрээ ордонд сууж ажиллах юм биш шүү” гэсэн ариулт өгөв.

Ингээд байнгын хорооны хуралдаан дээр гарсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Байнгын хорооны саналын дагуу тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжиж, тогтоолыг 83.7 хувийн саналаар батлав.

Чуулганы үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Монгол Улсын Засгийн газраас нийгмийн халамжийн шинэчлэлийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилт”-ын талаар мэдээлэл хийх юм. Мөн өвөлжилтийн байдлын талаар Засгийн газрын мэдээллийг сонсохоор боллоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.