2022.12.15

Н.Наранбаатар: Хулгайн асуудалд миний бие оролцоогүй, хуулийн байгууллагад шалгуулна

УИХ-ын /2022,12,15/-ны ээлжит чуулган эхэллээ. Чуулганы эхэнд нүүрсний хулгайтай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: 

АТГ-аас нүүрсний хулгайтай холбогдуулан 17 хүний нэр зарласан. Үүн дотор миний нэр орсон байсан учраас байр суурь, үгээ илэрхийлж байна. Хэвлэл мэдээлэлд ч хэлсэн. Өнөөдөр мөн албан ёсоор чуулганы танхимд байр сууриа хэлж байгаа юм.

Нэр зарлагдсан хүмүүсийг ямар шалтгаанаар, юунд холбогдуулснаа АТГ-аас хэлээгүй. Нэр зарлагдсан зарим УИХ-ын гишүүдийн зүгээс АТГ-т очиж тайлбар, мэдүүлэг аваагүйгээр зарласан бэ гэдгийг асуухаар очсон боловч, холбогдох албан тушаалтнууд нь байхгүй. Иймээс бид тодорхой хариулт авч чадаагүй буцсан. Тийм учраас бид Хууль зүйн сайд болон АТГ-ын удирдлагуудад асуулга хүргүүлж, албан ёсны хариугаа авна.

Яагаад намайг холбогдуулсан бэ гэдгийг намайг дуудаж асуугаагүй учраас мэдэхгүй байна. Би бодохдоо хулгайн асуудалтай холбоотой ордууд Өмнөговьд байгаа учраас аймагтай хамаатуулж байгаа байх. Миний бие 2016-2020 оны хооронд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Олон олон сонгогчдоо харж байгаад, чуулганд ганц баттай зүйл хэлье. Уг хулгайн асуудалд миний бие оролцоогүй. Та бүхэн баттай итгэж болно. Хууль хяналтын байгууллагаар шалгуулна, татгалзахгүй. Хууль хяналтын байгууллага жинхэнэ холбогдогч уу үгүй юу гэдгийг гаргаад ирнэ гэдэгт найдаж байна. Миний хувьд дуудсан цагт нь гаргаж өгөх ёстой бүх материалаа гаргаад тултал нь шалгуулна. Олон түмний эргэлзээг байхгүй болгоно.

Харин бидний ард нуугдаж буй жинхэнэ хулгайчдыг илрүүлж, ил тод гаргаж, хариуцлага тооцуулахын төлөө шударга жагсагчидтай хамтарч ажиллах болно. Манай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Таван Толгой” ХХК 100% төрийн, бүх удирдлагууд нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Уул уурхайн яамнаас томилогддог. Ингээд төлөөлөн удирдах зөвлөл нь гүйцэтгэх удирдлагаа томилдог. Гүйцэтгэх удирдлага нь цаашаа гэрээ, хэлцэл хийгээд явдаг. Энэ яриад опптейк гэрээ, нууц гэрээнүүд чинь үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шийдвэр нь гарч, Засгийн газраас үүрэг чиглэл өгдөг. Энэ бол Өмнөговь аймагтай ямар ч холбоогүй. Туслан гүйцэтгэх гэрээ, тээврийн гэрээ бүх зүйлүүд компанийн удирдлагуудын хэмжээнд хийгддэг учраас Өмнөговь аймгийн орон нутгийн удирдлагууд оролцдоггүй гэдгийг тодорхой хэлье.

Мөн орон нутгийн “Таван Толгой” компанийн хувьд  нээлттэй зах зээл дээр хувьцаа нь арилжаалагдсан 2700 гаруй хувьцаа эзэмшигчтэй аж ахуй нэгж. Үйл ажиллагаа нь нээлттэй явагддаг. 51% орон нутгийн өмчлөлийн эзэн нь иргэдийн төлөөлөгчдийн хурал байдаг. ИТХ-аас төлөөлөн удирдах зөвлөл нь томилогддог. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталгаажиж 9 ТУЗ-ийн гишүүд томилогддог. Тэндээсээ гүйцэтгэх захирал нь томилогддог. Ингээд цаашаа үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс аймгийн засаг дарга үйл ажиллагаанд нь шууд оролцож, үүрэг чиглэл өгөөд, дотоод ажилд оролцдоггүй гэдгийг та бүхэнд хэлье.

Мөн боомтод үйл ажиллагаа явуулж буй олон байгууллага аймаг орон нутгаас хамааралгүйгээр дээд газраасаа томилогддог. Тиймээс нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой улс нь төрийн өмчит байгууллага, хил боомтод үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг томилдог, нууц гэрээ байгуулж зөвшөөрөл өгдөг хүмүүстэй холбоотой гэдгийг хатуу хэлье.