Урвагч
2008.02.22

Урвагч

Урвагч

Цогт тайж уу, Арслан тайж уу?

battulga_bodluud_book_coverМэдээ

МАХН ард түмэндээ зориулан “Мандал” өргүүллээ. Өглөөний 9.30 цагт эхэлсэн дээрх арга хэмжээг МАХН-ын гишүүд санаачилсан юм байна... МАХН-ын гишүүд “Ард түмний өлмий бат оршихыг даатгасан байв... ийм мэдээ бараг бүх сонинд нийтлэгджээ. Хэн ч анзаарсангүй.

Кино

Орой нь домогт “Цогт тайж” кино бараг бүх сувгаар гарч байна. Анзаарлаа. Гайхлаа. Сониноос уншсан мэдээ, хүн бүрийн бишрэн үздэг кино хоёрын хооронд гайхалтай их ялгаа байх юм. Цогт тайжийг аугаа эх оронч, үндэсний баатар гэж бид хүндэтгэдэг. Тэрбээр “Далай ламд мөргөсөн хүний толгойг авна” гээд зарлигийг эс тоосон төрсөн хүүгийнхээ толгойг цавчсан. Монгол түмэн даяараа Арслан тайжийг урвагч хэмээн үзэн ядсаар өдийг хүрчээ. Киног МАХН-ын Улс төрийн товчоо хамгийн нарийн шүүлтүүрээрээ оруулан байж гаргасан тул Цогт тайжийн зарлиг тэднийх болж таарна. Цогтын үгийг өөрсдийнхөө үг гэж үзэж байсны тод баримт нь уг дүрийг бүтээсэн Цагаан Цэгмидэд 1946 оны төрийн шагналыг хүртээсэн явдал байлаа. Кино Цогт тайжийн барьсан соёмбот туг МАХН-ын соёмботой, бас таван хошуутай тугаар солигдсоноор төгсөж, түүний үйл хэргийг бид залгамжилсан гэсэн утгатай сүржин үг хэлэгдэнэ. (Өндөр гэгээн Занабазар 1686 онд соёмбо үсгийг зохиосон)

Гэтэл одоо бид нийтээрээ Далай ламд мөргөхийг аврал гэж үзэж байгаа тул Цогт тайж маань хэн болж таарваа?
Аавынхаа үгийг сөрөн, толгойгоо алдахаас ч айлгүй Далай ламд очоод мөргөчихсөн Арслан тайж бас хэн болох вэ ? Хэн нь эх оронч, хэн нь урвагч болчхов?

Цогт тайж аугаа эх оронч мөн юм бол бид бүгдээрээ толгойгоо авахуулах ялтай болж таарна. Өнөөгийн төрхөнд тохируулбал Цогт тайж урвагч болж, Арслан тайж нь аугаа эх оронч болчих гээд байдаг.

Хуучин мэдээ

МАХН-ын нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр жил гаруйгийн өмнө сэтгүүлчдэд “Лам нарыг хэлмэгдүүлсэн явдалд нам уучлалт гуйх шаардлагагүй. Тэгэхээс өөр арга байгаагүй юм” хэмээн мэдэгдсэн.

1999 онд Хамбын овооноос илэрсэн 420 ламын цогцсыг үзээд бурханч лам Г.Пүрэвбат “Ахиад ингэвэл бид тэсэхгүй шүү дээ” хэмээн хорсол дүүрэн уулга алдсаныг ахмад сэтгүүлч Г.Аким тэмдэглэн үлдээжээ. Ламбугай харин буруутныг өөр газраас, өөр хүнээс эрж шүүхдсэн байдаг. Уг нь МАХН-аас өөр тэднийг буудчих зүрхтэн байгаагүй юмсан.
1937 он гэхэд монгол даяар үйл ажиллагаагаа явуулж байсан 700 сүм хийдийг МАХН-ын заавраар бүрэн устгажээ. Дөрвөн сүм л хагас дутуу үлдсэн байна. Лам голдуу 160 000 хүнийг шүүхийн тогтоолгүйгээр буудан хороожээ.
Баянхонгор аймагт гэхэд 1936-1937 онд Баянцагаан сумын Маанийн хийд, Баян-Өндөр сумын Амарбуянт хийдүүдийг МАХН-ын “тушаалаар” пулемётоор хэдэн талаас нь шүршин 200 гаруй ламыг алжээ.

Цөвүүн цаг

“Шилдэг” сэтгүүлийн 2005 оны хоёрдугаар сарын дугаарт бурханч лам Г.Пүрэвбат “Цөвүүн цаг, түүнийг гэтэлгэх өвгөдийн гэрээслэл” гэсэн нийтлэл хэвлүүлсэн байна. Түүнд дурдсанаас үзэхэд VIII Богд, Ловон Бадамжунай, Ванчиглодмаа нарын айхтар ном эрдэмтэй хүмүүс өнөө цагийг зөгнөн хэлж байсан 23 бошго байдаг гэнэ.
Тухайлбал VIII Богд нь “Энэ үед лам хүн хар хүний боол болж цэрэгт мордоно(Г.Пүрэвбат лам хотын комендантад алба хаажээ). Ноёдууд нохой мэт шарвана, хууль байвч дагах хүнгүй, ном байвч унших хүнгүй. Төр засаг ор төдийхөн, шашин гэдэг нэр төдий болно”(МАХН-ын төр барьсан он жилүүдийн дүр төрх харагдаж байна уу).

Ловон Бадамжунай нь “Шимнус нар толинд царайгаа үзэж будаж, шунхадна, Мэхлэгч нар гэнэт их бясалгагч болж, хуурна” гэж айлдсан ажээ. Цөвүүн цаг нь 1532-2132 оныг хамарсан хугацаа гэх ба өнөө цагийн байдал их зөнч, зоч нарын айлдвартай жигтэйхэн таарч байгаа гэж Г.Пүрэвбат бичжээ. Бурханч лам маань тэдний айлдварт өөрийн тайлбарыг зүүсэн байх ба ялангуяа “Мэхлэгч нар гэнэт их бясалгагч болж, хуурна” гэсэн төлгөнд хамгийн урт тайлбарыг дагалдуулжээ. Г.Пүрэвбат уг лүндэнгийн ард хаалтад дотор ийн бичсэн байна. /Их сайхан ярьж, амьтны толгой эргүүлж буй хүн цэцэн ухаантайд тооцогдоод байгаа биз?/ гэж. Энэ нь ч үнэн юм шиг санагдлаа. Цөвүүн цаг гэх хэллэгийг сүм хийдийнхэн “Аливаа буртаг, бузар бүхэн дээш гарч, сайн сайхан зүйлсийг бүрхэгдүүлдэг цаг үе” гэж тодорхойлжээ. Бурханч лам тайлбарласнаар бол МАХН-ынхан дээш гарч бужигнуулж байгаа үе нь цөвүүн цагийн үндсэн шинж тэмдэг, илрэл бололтой.

Ёс зүй

Улс төрийн нам хүчний ноён нурууг үзэл бодолдоо тууштай, үнэнч байгаа эсэхээр нь тодорхойлдог. Үзэл бодлоосоо ухарч няцах, гуйвуулах, сонгогчдодоо тааруулан өнгө, зүсээ өөрчлөх зэрэг нь улс төрийн ёс зүйгүй, туйлбаргүй, цаашид юу ч хийж мэдэх гэдэг үнэлгээг сонгогчдын зүгээс өгөхөд хүргэдэг ажээ. Ардчилсан намынхан гэнэт мал сүргийг нийгэмчилнэ, хувийн өмчийг устгана, Бат-Үүл “Манай багшийн багш Манлай Ленин багшаа” гээд унавал сонгогчид мэл гайхаж цэл хөхрөх төдийгүй итгэхээ болино.

Тэгвэл “Далайд ламд мөргөсөн хүн урвагч” гэж тунхаглаж, “Ард түмнийг мунхруулагч хар тамхи” хэмээн сүм хийдийг устган, лам нарыг хядаж явсан нам гэнэт ламдаа хайртай болоод, ард түмэндээ ном уншуулах болсон нь дээд зэргийн ёс зүйгүй явдал биш гэж үү ? Нам ч гэж нам.

Ариун номынх нь багшийг буудчихаад, бурхан шүтээнийг нь үнсэн товрог болгочхоод “уучлалт гуйх шаардлагагүй” гэж хэлж байгаа намтай улаан сугаараа тэврэлдэх ламбугай нарт ёс зүй байна уу ? Багш дээдсийнхээ ариун сүнсний өмнө ичих эмээх, наминчлах сэтгэл тэдэнд алга уу ? Өөр нэг ёс зүй. Шашин нь төрөө хүндлэх ёстой юу, төр нь шашнаа дагах ёстой юу? Хамба лам Ерөнхийлөгчийн өргөөнд очиж золгох нь төрт ёс уу? Ерөнхийлөгч гэргийтэйгээ Ганданд очих нь төрт ёс уу? Үндсэн хуулиар бол шашин нь төрөө хүндэтгэж, төр нь аль ч шашинг шүтэх бишрэх эрхийг хамгаалах учиртай.

25-р суваг ТВ-ээр Ерөнхийлөгч Н.Энхбаяр ярилцлага өгч байна. “ТВ 9 –ийг японы тусламжийн хөрөнгөөр босгочихсон юм. Хамба бид хоёр хувааж эзэмшихээр тохирсон. Би тавь, тавин хувь гэхээр хамба инээгээд үгүй жар, дөч гээд байдаг юм” гэж бахархалтайгаар зарлаж байдаг ёс зүй. Нам, лам хоёр минь яах нь энэ вэ?

Шарын шашин бол монголчуудын нэгээхэн хэсгийнхний л итгэл бишрэлээ өгсөн шашин болохоор төрийн зүгээс, ялангуяа үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн зүгээс учиргүй тал өгөх нь өөр итгэл үнэмшилтэй хэсгийнхнийг гадуурхаж байгаагаас өөрцгүй үйлдэл болов уу?

Шарын шашин

Түүх сөхвөл гэлүгпа буюу шарын шашинг мандан цэцэглэхэд монголчууд их үүрэг гүйцэтгэжээ. Монголчууд анхлан Далай лам (1578 он) цолыг бий болгож, шарын шашны гол өрсөлдөгчдийг дарж, зам мөрийг нь тэгшилж өгчээ.(Баабар. “Нүүдэл, суудал” боть 1. 123х)

Шарын шашин харин монголын цэцэглэлт, мандалтад нөлөөлж байсангүй. Монголчууд энэ шашинд орсноор ертөнц дахинд таг мартагдан, дүлий дүмбэ 200 жилийг өнгөрөөсөн билээ. Арслан тайжийн тарьсан балагт нозоорч байх хооронд минь дэлхий дахин гэрэл чийдэн, утсан харилцаа, нисдэг тэргийг бүтээж чадаад атомын нууцад нэвтрэхээр чармайж байлаа.

1920 онд гамингууд VIII Богд хааныг гэрт нь хориод, дураараа дургиж байхад бид нар дүлий дүмбэ царайлаад мааниа уншиж байж. Арслан тайж биднийг “арван хар нүглийн замд”(Гүен баатрын үг) хөтөлсөн болохоор урвагч гэхээс аргагүй. Харин би энд VIII Богд, Жалханз хутагт, Дилав хутагт зэрэг бурхны шавь нар монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсныг үгүйсгэсэнгүй.

Монголчуудын мухар сүсгийн хүчийг олж харсан Барон Унгерн хааныг нь чөлөөлөөд шашинд нь орсон дүр эсгэн хошой чин ван цол хүртжээ. (Америкийн ТТГ-ын вэб хуудснаас 1921 оны 3-7 сард монголын Ерөнхий сайдаар Барон Унгерн фон Штернберг ажиллаж байсан гэж бичсэнийг олж үзэж болно) Үнэн. Хошой чин ван цол нь чухам ийм албан тушаалыг илтгэж байжээ. Одоогийн Ерөнхийлөгч маань Бароны хийсэн мэхийг бидэнд хийгээд, хэрэгжүүлээд, шашин, төрийг хослон барихдаа тулаад байх шиг.

Шарын шашинг цэцэглүүлээд, мандан бадарсан тусгаар орон дэлхийд нэг ч байдаггүй юм байна. Төвд улс Хятадын бүрэн эрхэнд орж, Бутан улс үүрэглэн, Балба улс балайрна. Монгол Улс яах юм бол?
Бид аль нэг шашинд туйлширч автаагүй, олон шашинг зэрэгцүүлэн байхдаа л хүчтэй, чөлөөтэй байсан. Энэ нь бидний гол ялгаа, давуу тал байлаа.

Шарын шашинд орсон цагаасаа уруудсаар, улс орны хөгжлийг хариуцах эзэнгүй өнхөрсөөр 1921 онтой золгосон. 70 жил коммунизмын туршилтад өртөөд(капитализмыг алгасах гээч) 1990 онд арайхийн салтал буцаагаад шарын шашинтай золгууллаа. Ингээд бидний олонхи нь Цогт тайжид толгойгоо авахуулах хэрэг хийв.
Түүхээс үзэхэд Цогт тайж эзэн Чингис хаанаараа бахархан, харийн шашинд нийтээрээ толгойгоо мэдүүлэхийг эсэргүүцдэг байж.(Улаан залаатай монгол хүн). Хэн биднийг урьдын дорой байдалд оруулахыг хүснэм бэ? Анзаарцгаая, ухаарцгаая !Биднийг шашнаа магтан мансууран байх зуур глобальчилал хажуугаар сүнгэнэж, нано технологи, клонаци, биочип гэхчлэнгээр алга болж өглөө цаана чинь.

Олонхийн сүсэг бишрэлийг далимдуулан улс төрийн хонжоо олох гэсэн ядмагхан улстөрчид шарын шашинг тоглоомондоо ашигласаар байна. МАХН-ынхан ард түмэндээ “Мандал” уншуулахдаа шарын шашны гол зарчмыг хөсөрдүүлжээ. Үнэн сэтгэлээсээ хандах гэдгийг умартаж. Уучлал гуйгаагүй байж үнэн сэтгэлээсээ ном уншуулна гэж байх уу. Үзэл бодлоо байнга сольж байгаа хүмүүст итгэх хялбар уу? Бидний нүдэн дээр коммунизм, ленинизм, сталинизм, өөрчлөн байгуулалт, Нагаржунай, төв үзэл, ардчилсан социализм, социнтерн гээд хэд хөрвөчхөвөө. Цаашид яахыг хэн ч эс мэднэ.

Иргэд юугаа шүтэх нь тэдний эрх учир орхиё. Харин төр нь шашнаа дагаж гүйх, нам нь сүсгийг сэм далимдуулдгаа болимоор. Энэ бантангаас чинь болоод АРСЛАН ТАЙЖ ЭХ ОРОНЧ УУ, ЦОГТ ТАЙЖ УРВАГЧ УУ МЭДЭХЭЭ БОЛИЛОО.Үзэл санааны бантанд хутгалдаж байх зуур хэн ч, юу ч хийж болох цаг иржээ. Ийшээ харж Чингис хаандаа мөргөн, тийшээ харж ламдаа залбирах маягаар шашин, сүсэг бишрэлийг ашиглаад байна аа. Тунгаацгаая гэсэндээ үүнийг бичиглэв.

ТВ мэдээгээр согтуу лам буу барин дэлгүүрт хүн буудах гэсэн тухай гарч байх юм. Ай хөөрхий биднийг МАХЛАМ-тайгаа бантангаа хутган уруудаж суухад дэлхийн бусад улс орнууд технологийн дэвшлээрээ хол тасарлаа даа. Марс гариг руу нисэх хөлөг хэдийнэ бэлэн болж тэр бүү хэл 2020 хүртэлх нислэгийн тасалбар дуусан байх юм даа.

2007.02.23
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.