2010.01.20

Засгийн газар гурван хуулийн төсөл санаачилжээ

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нар Засгийн газраас санаачлан боловсруулсан гурван хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөөдөр өргөн барилаа.

Одоо мөрдөж байгаа Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиар боловсрол, тусгай мэргэжил шаардагдахгүй энгийн ажил гүйцэтгэсэн ажилтанд олговол зохих цагийн болон сарын хөдлөлмөрийн хөлсний доод хэмжээг олгогч болон ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын саналыг харгалзан Засгийн газар жил бүр тогтоож байгаа нь хөдөлмөрийн хөлсний үйлчлэх хүрээнд зөвхөн хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад л хамаарч  байгаа учир бусад төрлийн, тухайлбал иргэний гэрээгээр ажиллагсдад үүнээс доогуур хөлс төлж хохироодог явдал их гардаг байна. Түүнчлэн боловсролын түвшин, мэргэжлийн ур чадвар шаардах ажилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хөлс төлөх, хоол, унааны хөнгөлөлт болон бусад нэмэгдлийг энэ хэмжээнд оруулж тооцох зэрэг буруу хандлага түгээмэл гардаг байна.

Иймээс Засгийн газраас боловсруулсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгай мэргэжил, боловсрол шаардах ажилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хөлс төлөхийг хориглох заалтыг шинээр нэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сараар болон цагаар тогтоож байсныг өөрчлөн зөвхөн цагаар тогтоохоор тусгажээ. Энэ хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх нь чухал байгааг Т.Ганди сайд төсөл гардуулахдаа хэллээ.

Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар санаачлан боловсруулсан байна. Зах зээлийн орчин дахь эм хангамжийн байгууллагын үйл ажиллагаа, эмнэлэг, хүн амыг эмээр хангах үйлчилгээний хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй салбарын тулгуур хууль болсон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд олон удаа нэмэлт, өөрчлөлт оруулсаар ирсэн тул зайлшгүй шинэчлэн найруулах шаардлагатай болсныг С.Ламбаа сайд онцоллоо