Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах асуудлыг УИХ-аар хэлэлцэж эхлэлээ
2010.01.22

Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах асуудлыг УИХ-аар хэлэлцэж эхлэлээ

Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай суудлыг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Тогтоолын танилцуулгыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар тогтоолын танилцуулсан юм.chuulgan_2007

УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийн хэрэгжих хугацаа дуусч байгаатай холбогдуулан Засгийн газраас “Төрийн өмчийг 2009-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд энэ хугацаанд эдийн засгийн салбарт хийх бүтцийн өөрчлөлтийн талаар баримталж ирсэн хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдэд зарчмын шинжтэй зарим өөрчлөлт орсон. Тухайлбал, УИХ-ын 2009 оны 64 дүгээр тогтоолоор “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг баталсан, түүнчлэн Концессын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Үүнтэй холбогдуулан Засгийн газар уг тогтоолын төслийг эргүүлэн татаж, дахин боловсруулах шаардлагатай гэж үзээд “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.
“Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэл”-ийн төсөлд Засгийн газар дараах асуудлыг шинээр нэмж тусгажээ.
Үүнд:
  1. Оросын талтай тохиролцсоны үндсэн дээр Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн монголын талын хувь, Оюутолгой болон стратегийн ач холбогдол бүхий бусад ордуудыг түшиглэн байгуулагдах хуулийн этгээдийн Монгол Улсад ногдох хэсгийн зохих хувийг оролцуулсан төрийн өмчийн оролцоотой “ Монгол эрдэс” ХК байгуулж, хувьцааг нь дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргаж арилжаалах,
  2. Монгол Улс дахь ураны ордод түшиглэн байгуулагдах хуулийн этгээдийн төрд ноогдох хэсгийн зохих хувийг оролцуулсан төрийн өмчийн оролцоотой “Монгол эрчим” ХК байгуулж, хувьцааг дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл дээр  арилжаалах,
  3. Шинээр баригдах төмөр зам болон эдийн засгийн  ач холбогдолтой авто зам болон дэд бүтцийн бусад хэсэгт байгаа төрийн өмчийн активыг нэгтгэн төрийн өмчийн оролцоотой “Монгол дэд бүтэц” ХК байгуулж, хувьцааг дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалах,
  4. Нэмэлт хөрөнгө оруулалт хийх, хүчин чадлыг өсгөх, бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах нөхцөлтэйгөөр “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ХК-ийг концессын гэрээгээр ашиглуулах, хөрөнгө оруулагчийг уралдаант шалгаруулалтын аргаар сонгох,
  5. Нэмэлт хувьцаа гарган арилжаалах, концессын гэрээ байгуулах замаар цахилгаан түгээх компаниудыг өргөтгөн, техник технологийг шинэчлэн, зардлыг бууруулах, үйлчилгээний шуурхай, найдвартай байдлыг хангах,
  6. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг байгуулах тухай Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх ажлыг ОХУ-ын эрх бүхий этгээдтэй хамтран шийдвэрлэх,
  7. Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн цемент үйлдвэрлэх технологийг хуурай аргад шилжүүлэх нөхцөлтэйгөөр гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах зэрэг юм.

Гишүүд энэ тогтоолын төсөл улс орны аюулгүй байдал холбоотой амин чухал асуудал гэдэгтэй санал нэгдэж байна. Асуудлыг хэлэлцэж эхлэх үед УИХ-ын гишүүн Н.Батбаяр, “улс орны амин чухал асуудал ярьж байхад хуралдааны танхимд Ерөнхий сайд байхгүй байгаа мөн УИХ-ын гишүүд ч хайнга хандаж, хуралдаандаа суухгүй байгаад бухимдаж байлаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл түүний энэ горимын саналыг хүлээн авч, Ерөнхий сайдын хуралдааны танхимд орж ирэхийг хүссэн юм. Эцэст нь гишүүд энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм.

Видео мэдээ үзэх
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.