Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив
2010.01.27

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Д.Загджав, Ц.Шинэбаяр, Ж.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Г.Баярсайхан, Д.Батбаяр, С.Эрдэнэ, З.Алтай нарын 12 гиchuulganшүүн Монгол Улсын Эрүүгийн (төрөлжсөн) хуулийн шинэчилсэн найруулгын төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.

Одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль нь эрүүгийн хариуцлага болон ялыг нэг бүрчилсэн ялгамжтай байлгах, өөрөөр хэлбэл, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар ба хэр хэмжээ, үйлдсэн нөхцөл байдал, гэм буруутай этгээдийн хувийн байдалд тохирсон байх шаардлагад нийцээгүйгээс үүдэж уг хууль нь зарим талаар шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ялыг зөв сонгож хэрэглэх боломжийг алдагдуулж, шүүн таслах ажиллагааг ихээхэн учир утгагүй болгон шударга ёсны зарчим алдагдахад хүргэж байна. Нөгөөтэйгүүр эл хууль нь нийгмийн шударга ёсыг тогтоох, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилтыг хангаж чадахгүй, гэмт хэргийн золиос бологсдын хууль ёсны эрх ашгийг шаардлагын хэмжээнд хамгаалж чадаагүй.

Түүнчлэн насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдэд насанд хүрэгсдийн нэгэн адил хандах бодлогыг суулгаж өгсөн, гэмт хэргийг захиргааны ба иргэний эрх зүйн зөрчлөөс сайтар зааглан ялгаж өгөөгүй, орчин үеийн эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны ололт, дэлхий нийтийн чиг хандлагыг тусгаж чадаагүй учраас зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр эрхэм гишүүд ийм хуулийн төсөл санаачилжээ.

2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр сонгогчид 2002 оны Эрүүгийн хууль амьдралд нийцэхгүй байгаа талаархи үзэл бодлоо УИХ-ын гишүүнд нэр дэвшигчдэд олонтаа илэрхийлж байсан. Мөн хуульчдын дунд явуулсан тандалтын судалгаанд оролцогсдын 90 гаруй хувь нь Эрүүгийн хуулийг боловсронгуй бус гэсэн байр суурьтай байсныг хуулийн төслийн танилцуулгад дурьдсан байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.