Улаанбаатар хотын өнөөгийн байдал ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэж дүгнэлээ
2010.01.28

Улаанбаатар хотын өнөөгийн байдал ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэж дүгнэлээ

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир ахалсан бөгөөд байнгын хорооны хуралд танилцуулга хийлээ. Тэрээр ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүдтэй хамт өнгөрсөн оны долдугаар сард нийслэлд болсон үерийн дараа их хэмжээгээр гэмтсэн зам, гүүр, гэр хороолол, болон бусад газраар биечлэн явж үзэж харсан байна.

Үүний дараа хурлаа хийж, үер усны далангийн бодит байдлын талаар ярилцан, цаашид авах арга хэмжээний тухай хөндөн хэлэлцэж, холбогдох байгууллагуудын ажлын дараалал, схем зургуудтай ч мөн танилцжээ. Гэтэл мэргэжлийн байгууллагуудын гаргасан схем зураг, шинээр байгуулах болон шинэчлэн засварлах шаардлагатай үерийн хамгаалалтын байгууламжийн тухай санал нь зөрүүтэй байсан байна. Иймд хөндлөнгийн шинжээч томилуулан ажиллуулсан хэмээн ажлын хэсгийн дарга хэллээ.

Ажлын хэсгийн санал дүгнэлтээр Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн бодлого, газар олголт, гэр хорооллын байршил, үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн өнөөгийн  байдал нь ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй байгаа аж. Үерийн хамгаалалтыг сайжруулж, шинээр барих арга хэмжээний төлөвлөгөөг яаралтай гаргаж хэрэгжүүлэх, уг ажлыг гүйцэтгэх байгууллага, нэгжийн чадавхыг дээшлүүлэх шаардлагатай гэж Ажлын хэсгийнхэн үзсэн байна. Түүнчлэн мэргэжлийн байгууллагуудын хийх ажлын дараалал, хэрэгжих хугацаа, төсөвт өртгийн талаарх саналыг авч үзэхээс өмнө Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжуудыг шинээр барих ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай гэж байлаа. Эдгээр төлөвлөгөөний үндсэн дээр ажлын зургийг боловсруулж, шаардагдах төсвийг суулгах зэрэг ажлууд хийгдэх гэнэ. Нийслэлийн хэмжээний ерөнхий төлөвлөгөө, жижүүрийн зураг хийдэг газар байхгүй болсон байна. Иймд мэргэжлийн зураг төслийн болон шинжээчдийн баг бүрдүүлэх нь чухал гэж байв.

Үүний дараа хөндлөнгийн шинжээчээр ажилласан Монгол Улсын зөвлөх инженер Г.Нансалмаа, Б.Дагвадорж нар дүгнэлтээ байнгын хорооны хуралд танилцуулсан.
Тэд Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө, схем байгаа хэдий ч үүнийг харгалзалгүй газар олголт хийж, барилга байгууламж, хашаа байшинг эмх замбараагүй барьснаас шалтгаалан  үерийн хамгаалалт, далан, ус тогтоох байгууламж, суваг хоолой, насос станц зэргийг төлөвлөснөөрөө хийж гүйцэтгэх боломжгүй болсон гэдгийг дурдсан.  

Үер буух газрын талбайн байрлалыг схемээр гаргасан ч зөвхөн жалгаар ус урсахыг үзүүлээд уулнаас буух усны аюулыг зайлуулах суваг төлөвлөгдөөгүй үлджээ.  Зөвлөх инженер Г.Нансалмаа ярихдаа, үерээс хамгаалах байгууламжийг Улаанбаатарт 1966 оноос эхлэн барьсан. Тэгээд 1980 он хүртэл хаалт, далангууд барьж байсан ч одоо тэдгээр нь ашиглах ямар ч нөхцөл бололцоогүй болсон гэв.  

Ашиглалт нь тааруу, хийц чанар нь эрс муудсан хэдэн хаалт далан байдаг аж. Ер нь бол хүчтэй үерийг Улаанбаатар тэсч гарахгүй гэж байв. Туул голын үерийн далан суваг гэхэд л 90 хувьд нь гэмтэл эвдрэлтэй байдаг. Сэтэрхэд бэлэн хэд хэдэн газар Туулын даланд бий. Хэрвээ сэтэрсэн тохиолдолд Хан-Уул дүүрэг тэр аяараа хэцүүдэх юм байна. Түүнчлэн хотын зүүн дүүрэг Баянзүрхэд үерээс хамгаалах суваг бараг байхгүй тул зүүн уулнаас их ус буухад хамгийн түрүүн тус дүүрэг үерт автах аюултай байдалд байна. Бороо хуртай үед үерийн ус зайлуулах байгууламжтай хамт замын усыг үлдэн хөөх шугам  бас цуг яригдах ёстой атал одоогоор Нарны зам дагуух усны урсгал зайлуулах хоолой нүх л арай дөнгүүрт орж байгаа гэнэ.

Үерийн усыг аюулгүй өнгөрөөх цогц систем Улаанбаатарт байдаггүй аж. Борооны ус зайлуулах болон хөрсний усыг хөөх насос ч эвдрэлтэй байгаа юм байна. 2009 оны зуны  үерийн дараа үерийн усыг жалгаар өнгөрөөхөөр суваг татсан. Тэгвэл жалгагүй газар яах вэ гэдгийг бодолцоогүй.   Толгойт гэхэд л битүү айл. Тэнд үер буувал байдал хэцүүднэ. Хойд талаас үер буусан ч хот түвэгтэй байдалд орох магад хэмээн тэрээр хэллээ. Эхлээд үерээс хамгаалах ажлын иж бүрэн зураглалыг сайн гаргаад дараа нь үерийн байгууламжийг барих хэрэгтэй, 100-гаад жилийн настай бол сайнсан, тэрнээс одоогийнх шиг хоёрхон хавтан юу ч болохгүй  гэж Г.Нансалмаа инженер хэлж байлаа.

Байнгын хорооны хуралд хүрэлцэн ирсэн холбогдох мэргэжлийн байгууллагын ажилтнууд ярихдаа нийслэлийн 3, 4 дүгээр хорооллын арын үерийн далан нэлээд гайгүй, Чингэлтэй, Хайлааст зүгийн далангуудын 80 хувь нь эвдэрсэн гэсэн юм. Түүнчлэн үер буудаг 56 гуу, жалга Улаанбаатарт байдаг бөгөөд тэдгээр нь усаар дүүрвэл Улаанбаатар хот сөнөхөд ойрхон байгаа гэж хэлэх хүн ч байлаа.

Хотын замын 430 км байсхийгээд л үерээс болж эвдэрдэг. Хотын төвд 78 барилга байгууламж үерийн хагалбарт өртөх аюул бий. 21 дүгээр хороолол ч үерийн ус зайлуулах байгууламжгүй, Зайсангийн Оргил хотхон Туул голын усыг дээшлэнгүүт л усанд автаж мэднэ, бид аюултай хотод амьдарч байна гэхчлэн нэлээд ноцтой тоо, баримт энэ хурал дээр дурдагдаж байв.

Хуралдааны үеэр зарим гишүүн өнгөрсөн зуны үерийн аюул, мөн Зайсан хавийн үерт автсан газруудын талаар тодруулж байсан.

Зайсан үерийн усыг хоёр  жалгаар буулгадаг байсны нэг жалгыг нь хааж орон сууц барих болсноос үүдэн үерийн аюул нөмрөөд байгааг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн  Э.Мөнх-Очир хэлээд ер нь зөвшөөрөлгүй баригдсан тэдгээр орон сууцны барилгуудыг буулгах нь зөв хэмээж байв

2009 оны долдугаар сарын 17, 21-нд орсон хүчтэй аадар борооны улмаас гэнэт буусан их үерт “Сарнайх”, “Анома”, “Жигүүр гранд” компанийн барьсан барилгууд усны урсгал даалгүй нэлээд сүйдсэн аж. “Жигүүр гранд”-ын 10 дугаар байр гуу жалга руу хэт ойрхон баригдсан, Аномагийн барилга ч мөн адил байжээ. Анома компани 2 орон сууц зөвшөөрөлгүй бариад жалган дээр зам тавьсан  байсан аж. “Сарнайх”  болохоор нэг, хоёрдугаар цогцолбор хэмээх барилгыг мөн л зөвшөөрөлгүй барьж, 1.5 метрийн голчтой, хоёр хоолой байрлуулаад дээр нь тохижолтын ажил хийн орхисон нь үерийн ачааллыг дааж чадаагүй тухай УИХ-ын гишүүдэд дуулгаж байлаа.

Зайсанд 56 аж ахуйн нэгж аялал, жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл аваад оронд нь  хүн байнга амьдрах орон сууцны барилгуудыг барьсан гэсэн тоо дуулдав.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.