12 аймгийн 64 сум гамшгийн байдалд байна
2010.02.02

12 аймгийн 64 сум гамшгийн байдалд байна

Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Увс аймгийн 64 сум гамшгийн байдалд оржээ. Үүнээс гадна 68 сум зудын байдалтай, 71 сум, 2 тосгонд өвөлжилт хүндэрч zud_mashinболзошгүй, 4 аймгийн 27 суманд өвөлжилт хэвийн байна.

ОБЕГ-ын дэд дарга Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг баруун 8 аймагт ажиллан зудын байдалд үнэлгээ хийснээ Улсын Онцгой комиссын 2010 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанд танилцуулав.
Ажлын хэсэг Өвөрхангай, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл аймгийн 35 суманд ажилласан байна. 

Зудын зэрэглэлийг тогтоохдоо өнгөрсөн жилийн зуншлагын байдал, малын тарга хүч, өвөлжилтийн бэлтгэлээ хангасан байдал, цасны хэмжээ, зузаан, мөстөлт, хүйтний эрч, хорогдсон малын тоо, цасанд боогдсон зам, даваа, төрийн болон эмнэлгийн үйлчилгээ хүргэхэд нөлөөлж байгаа бэрхшээл, тухайн орон нутгийн албан байгууллагуудын дулаан хангамж, малчдын өргөн хэрэглээний хүнсний барааны хүртээмж, түлшний хангамж зэргийг авч үзжээ. Цас, зудын улмаас 2010 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 1 сая 700 мянга гаруй мал хорогдоод байна.

Ажлын хэсгийн мэдээллийг сонссоны дараа Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд холбогдох яам, байгууллага, орон нутгийн удирдлагад үүрэг өгөв. Малчдын эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ, хоол хүнс, дулаан хувцас,  түлээ түлшний асуудалд онцгой анхаарах, малчдын гар дээр байгаа махыг төв, суурин газарт борлуулахад дэмжлэг үзүүлэх, дунд болон урт хугацааны хөтөлбөр гаргаж малчдыг малжуулах зэрэг арга хэмжээ авах бэлтгэлээ хангахыг үүрэг болгов.  

Малчдын дийлэнх нь залуу малчид байгаа учир зудаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед хэрхэн ажиллах, хохирол багатай даван туулах талаар гарын авлага гаргах,  малын индексжүүлсэн даатгалд өргөнөөр хамруулах, цасанд боогдсон зам, давааг нээх ажлаа эрчимжүүлэх, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх,  үхсэн малын сэг, зэмийг устгах бэлтгэлээ хангахийг даалгалаа.

Мөн 12 аймгийн дулаан, цахилгаан станцуудыг нүүрсний хангалттай нөөцтэй болгох, гамшгийн байдалд байгаа 12 аймгийн малчдад Хүний хөгжил сангаас олгох 70 мянган төгрөгийг тэргүүн ээлжинд өгөх боломжийг судлах, банкны зээлийн эргэн төлөх хугацааг сунгах талаар банк, санхүүгийн байгууллагатай ярилцах, ховордсон ан, амьтдыг хамгаалах чиглэлээр арга хэмжээ авахыг үүрэг болголоо.

Ажлын хэсгийн дүгнэлтийг Шадар сайд М.Энхболд 2010 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.